УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлд "Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох байгууллагаас ирсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18,28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2,287,344, 090.0 төгрөг байхаар тусгаж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасныг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулгадаа онцлов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжсэн байна.