Наадмын өдрүүдээр үер уснаас сэргийлэх сэрэмжлүүлгийг ОБЕГ-аас өглөө. Тодруулбал, Сүүлийн дөрвөн жилийн наадмаар 47 хүн усны ослоор амь насаа алдсан байна. Нас барсанд иргэдийн дийлэнх нь эрчүүд байжээ. Мөн он гарснаас хойш 37 хүн үерт амиа алдсаны дотор 1-5 насны найман хүүхэд нас барсан гэв. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, усны ослоор эндсэн хүүхдүүдийн хувьд дийлэнх нь орон нутагт, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж амь насаа алдсан гэлээ. Сүүлийн 10 жилд усны осолд 230 хүүхэд эндсэн болохыг Онцгой байдлын газраас мэдээлэв.
ОБЕГ-аас "Бага насны хүүхдүүд усанд осолдож байгаагийн гол шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой. Хүүхэд гэлтгүй том хүмүүс ч анхааралтай байх хэрэгтэй. Гол усны аюулаас болгоомжлох хэрэгтэй. Мөн гол мөрөн нуурын орчимд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх шаардлагатай. Хүүхдийг хараа хяналтгүй усанд тоглуулахгүй байх, өсвөр насны хүүхдүүд эцэг эхдээ хэлэлгүй агаар салхинд гарахгүй байхыг анхааруулж байна.
Мөн хориотой үед хулгайн замаар явахгүй байх ёстой" гэлээ.