УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хуулийг батлах шаардлагатай байгаа талаар санал хэллээ. Тэрбээр, "Гишүүддээ газрын тосны салбар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 80 жил гэдэг урт хугацаа. Энэ хугацаанд монголчууд маань автомашины парк шинэчлэгдээд дэлхийн хэмжээний өндөр технологиор бүтээгдсэн автомашин хэрэглэдэг болсон. Хамгийн эмгэнэлтэй нь 2021 он болоод газрын тосны салбар үүсэж хөгжөөд 80 жил болсны дараа хуурамч шатахуун гэж нэрлэдэг шатахуун биш газрын тосны үйлдвэрийн үлдэгдлийг хольж хутгасан бүтээгдэхүүний тухай хууль хэлэлцэж байгаа нь үнэхээр харамсалтай байгаа юм. Байнгын хороон дээр олон гишүүд санал хэлсэн. Нэгдүгээрт, энэ бол эдийн засгийн хувьд асар их хохиролтой. Бид жил бүр 80 тэрбум төгрөгийг импортын татварын орлогоос алдаж байгаа. Бензиний үнийн зөрүүг тэглэж, ард түмэнд ашигтай байлгах олон боломжийг алдаж байгаа. Бид хүнсний хэрэглээгээ мэддэг болсон. Өндөр үнэтэй машин хэрэглэдэг болсон үед нефтийн бүтээгдэхүүний үлдэгдлийг хуурамч шатахуун гэж нэрлээд хэрэглэж байгаа нь эмгэнэл юм" гэв.