УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "АН-ын гишүүд 100 мянган гарын үсэг цуглуулах аян өрнүүлж байна. Хөл хорионы улмаас энэ ажил сайн ахихгүй байгаа ч өнөөдрийн байдлаар 21 мянган гарын үсэг цуглуулсан бөгөөд өнөөдөр хоёр шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлж байна. Тодруулбал, АН-ын их хурлыг энэ оны наймдугаар сарын дотор зохион байгуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны дотор гаргаж, АН-ын даргаас долдугаар сарын 9-ний дотор огцрохыг шаардаж байна. Цаашид бид шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ.
Мөн УИХ дахь АН-ынг бүлгээс Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлээд байгаа юм. Учир нь "Засгийн газар цар тахлын хуулийн дагуу 4.8 их наяд төгрөгийн зардал гаргасан. Мөн 3.7 их наяд төгрөгийн хэтрэлтийг төсөвт баталсан. Нийт 8.5 их наяд төгрөгийг КОВИД-19-ийн эсрэг зарцуулсан боловч үр дүнгээ өгсөнгүй" хэмээсэн билээ.