Чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Алтангэрэлийг томилох саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний олонхи нь дэмжээгүй байна.
Томилгоог хэлэлцэх үеэр Элчин сайдад нэр дэвшсэн Р.Алтангэрэлийг гишүүд ихээхэн шүүмжилсэн бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ч анхааруулга өгөөд амжсан юм.
Тэдний хэлсэн үгийг дахин хүргэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Алтангэрэл гэж хүн Монголдоо ирэхгүйгээр гурав дараалан гадаадад томилогдоно гэдэг зөв бодлого уу" хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүлгээд байдгийг болиулмаар байна. Социализмын үеэс л ГХЯ-нд тогтсон хатуу зарчим байдаг. Дөрвөн жил ажиллалаа, Монголдоо 4-5 жил ажиллаж, мэргэшүүлж байгаад Элчин сайдаар томилдог. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг би дэмжиж чадахгүй. Энэ уг нь миний хуурай дүү. Гэхдээ зарчим гэж байх ёстой. Р.Алтангэрэл Канадад ажиллаад л монголд ирээд дахиад өөр улс руу томилогдоод, тэндээсээ дахиад Женев яваад л. Ийм байж болохгүй" гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Алтангэрэлийг дэмжихгүй байна. Энэ хүн Монголын амьдралаа мэдэхгүй байж, Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг, Монголд хөрөнгө оруулалт татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлох талаар тэр хүн яаж ярих вэ" хэмээн хатуухан шүүмжилсэн юм.
Харин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Р.Алтангэрэл нэр дэвшигч гишүүдээс гарч байгаа шүүмжлэлийг цаашдынхаа карьерт бодолцох ёстой гэж яамны удирдлагын хувьд анхааруулж байна" гэсэн билээ.
Р.Алтангэрэл нь 2010-2014 онд Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал, 2014-2017 онд Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, 2017-2018 онд ГХЯ-нд, 2018 оноос хойш Брюссель Улсад элчин зөвлөхөөр ажиллаж байгаа аж.