Цагдаагийн машины дээр бүжиглэн, цонхыг нь хагалж буй бичлэг урд шөнө цахим орчинд цацагдсан. Тодруулбал, иргэдийн сонор сэрэмжлүүлгийг дээшлүүлэх зорилгоор осол их гардаг байршлуудад байршуулсан хөдөлгөөнгүй машиныг ашигласан ч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж иргэд ихээхэн шүүмжилсэн юм. Харин ТЦА-наас "түүнийг олж тогтоон шалгана" гэх мэдээллийг өгсөн байдаг.
Тэгвэл уг бичлэгийн эзэн М.Алдар Ховд аймагт яваа бөгөөд түүнээс яагаад ийм үйлдэл гаргах болсон талаар утсаар тодрууллаа.
-Цагдаагийн машин дээр бүжиглэж байгаа бичлэг нь цацагдлаа. Иргэд нэлээн дургүйцэж, шүүмжилж байх шиг байна. Мэдсэн үү?
-Цахим орчинд хүчтэй шүүмжилж байгааг харлаа. Их хэцүү, муухай санагддаг юм байна. Маш их сэтгэлээр унаж байна. Бас өөрийнхөө алдааг ч мэдэж гэмшиж байна. Ахиж ийм буруу үйлдэл гаргахгүй.
-Бичлэгийнхээ тухайд тайлбар өгвөл?
-Долдугаар сарын 1-н буюу өчигдөр би найзуудын хамт Баянхонгор руу явж байгаад хурдаа сааруулахыг сануулсан цагдаагийн машины хажууд зогссон. Тэгээд биеийнхээ чилээг гаргах зорилгоор бүжиглээд түүнийгээ бичээд өөрийнхөө инстаграм сторид хийсэн. Түүнээс биш цагдаагийн байгууллагад ямар нэгэн саад учруулах, цагдааг муухай харуулах сэдэл байгаагүй. Уг нь миний инстаграм хаягийг цөөн хүн дагадаг. Зөвхөн найзууд л үзэж хардаг болохоор бичлэгээ хийчихсэн чинь фэйсбүүк цахим орчинд тарчихсан байна лээ. Ийм олон хүнд хүрнэ гэж бодоогүй.
-Цагдаагийн байгууллагаас өөрийг тань олж шалгана гэсэн байна лээ. Өөртэй чинь холбогдсон болов уу. Юу гэж байх юм?
-Одоогоор цагдаагаас холбогдоогүй байна. Гэхдээ надтай холбогдоод ямар нэгэн арга хэмжээ авбал хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ бол миний буруу, би гаргасан үйлдэлдээ их гэмшиж байгаа. Мөн цагдаагийн байгууллагаас албан ёсоор уучлал хүсэж байна.
-Машин дээр бүжиглэхээс гадна цонхыг нь хагалаад байх шиг байсан?
-Тэр машины цонхнууд угаасаа бүгд хагарчихсан байсан. Харин түүнийг нь нэмээд хагалчихсан. Дэггүйтэж тэнэг үйлдэл гаргасан. Тэр маань хүмүүст буруу харагдчих шиг боллоо.
-Ер нь цагдаагийн талаар ямар бодолтой явдаг вэ. Цагдаагийн машин дээр бүжиглээд цонхыг нь хагалсан үйлдэл чинь цагдаа нарт дургүй ч юм шиг сэтгэгдэл төрүүлсэн?
-Тийм зүйл үнэхээр байхгүй. Яг л миний аав, ах шиг хүмүүс л цагдаагийн албыг хааж байгаа. Жилийн дөрвөн улиралд ч, баяр ёслолоор ч тэд ажиллаж л байдаг. Уг нь цагдаагийн албан хаагч нарыг хүндэлдэг. Бидний амь насыг авран хамгаалахын тулд л тэр машиныг тэнд байршуулсан байх. Гэтэл болчимгүйтэж буруу үйлдэл хийлээ. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд, над шиг үйлдэл битгий гаргаарай. Удаан хугацаагаар машин барьсны дараа биеийнхээ чилээг гаргах нь зөв. Гэхдээ өөр аргаар биеийнхээ чилээг гаргах хэрэгтэй шүү. Харин аюул, аваар ослоос сэргийлэхээр байршуулсан цагдаагийн машины хажууд зогссон бол хог байвал түүгээд, дотор нь хог байвал аваад, цэвэрлээд яваарай гэж залуустаа уриалж байна.
Ярилцсанд баярлалаа.