Улаанбаатар хотноо 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдах Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааны бэлтгэл ажил хангах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тус комиссын Монголын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтад Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцож салбарын чиглэлээр хийх мэдээллийг танилцуулж, санал солилцон ярилцлаа.
Комиссын хуралдаанаар хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн салбарын хамтын ажиллагааг чухалчлан ярилцах юм. Уулзалтын үеэр сайд З.Мэндсайхан Монгол Улсын Засгийн газрын 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар ЗГХХК-ын 3 дугаар хуралдааны Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцэн дэмжсэн тухай болон Монгол, Италийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр товч мэдээлэл хүргэсэн. Мөн тэрбээр Комиссын хуралдааны үеэр танилцуулга хийх бэлтгэлийг сайтар хангаж чиглэлийг зарим зөвлөмжийн хамт өглөө.