Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Төмөр: Цагдаагийн алба хаагчид намайг зодсон үйлдлийг дарга нь нуун дарагдуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 57 секунд

Номын баярын үеэр цагдаагийн алба хаагчдад зодуулсан гэх иргэн С.Төмөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Энэ сарын 13-ны өдөр Төв талбайд болж байсан номын баярын үеэр цагдаагийн алба хаагчид намайг зодож, хүчирхийлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна.

Тухайн үед болсон үйл явцыг харсан иргэд зураг авч, бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байгаа. Номын баяр энэ сарын 11-13-нд болсон бөгөөд би 10-ны өдөр зохион байгуулагчидтай саравч түрээслэх асуудлаар холбогдсон. Гэтэл бүх саравч захиалгатай дүүрсэн байсан тул 11, 12-ны өдөр очиж сонирхоход хүмүүс саравчгүй хэсэгт жижиг ширээ, цаасан хайрцаг тавиад номнуудаа зарж байгааг ажигласан. Ингээд 13-ны өдрийн 18:00 цагийн үед өөрийн бичсэн номоо бусдад таниулах, зарах санаатай аваад очсон. Цаг оройтсон учир зарим саравч, лангуу хоосорч эхэлсэн, ингээд нэг эзэнгүй сандал, цаасан хайрцаг дээр очоод номоо дэлгээд сууж байтал 20 орчим насны хоёр эмэгтэй ирээд надад саравчнаас гарах шаардлага тавьсан. Тэдний шаардлагыг хүлээж аваад гараад байж байхад нөгөө хоёр охин цагдаа дагуулж ирээд намайг цагдаагийн пост руу авч явна гээд бид маргалдсан. Цагдаа нар шууд л намайг сууж байсан сандал дээрээс минь чирч босгоод, газар унагаагаад цохиж зодсон. Миний толгой, хавирга руу цохиж, газар унасан байхад дээрээс өвдгөөрөө биеийнхээ бүх жингээр дарсан. Би 58 настай хүн. Гэтэл намайг зодсон цагдаа нар 20-25 настай залуус харагдсан. Тухайн үед тэнд байсан иргэд, залуучууд тойрч зогсоод зураг авч, бичлэг хийсэн байгаа. Гэтэл олон нийтийн сүлжээгээр би цагдааг хүчирхийлчихсэн юм шиг мэдээлэл тарааж байна.

Намайг зодсон цагдаа нар тэр орчимд байсан иргэдтэй муудалцаад явсны дараа би цагдаагийн дотоод хяналтын утсанд гомдол гаргасан. Ингээд харих гээд явж байхад тухайн өдөр ажиллаж байсан эргүүлийн цагдаа нарын ахлах бололтой офицер утсаар холбогдож дуудсан юм. Би өөрөө дуудлага өгсөн хүн учраас цагдаагийн пост дээр яваад очиход "Та цагдаагийн алба хаагчид зодуулаагүй байна. Үүнийг чинь нотлох зураг, бичлэг байхгүй. Та өөр газар зодуулсан, мөн цагдаагийн биед халдсан учраас хорино" гэж дарамталсан. Тухайн үед миний утсан дээрх зургуудыг устгуулж, гомдолгүй гэсэн бичиг бичүүлж авсан юм. Улмаар намайг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү хүчээр авч яваад, олон цагаар дарамталж байлгасны эцэст явуулсан. Цагдаагийн алба хаагчид намайг зодож, хүчирхийлсэн үйлдлийг дарга нь нуун дарагдуулсан үйлдэл боллоо. Надад тухайн гэмт хэргийг нотлох зураг, бичлэг байхгүй ч хүмүүсийн авсан зураг, бичлэг байгааг би мэдэж байсан. Хүмүүс ч бичлэг, зургуудыг олон нийтийн сүлжээнд нийтэлж байгаа. Ингээд баримттай болсон учраас би ЦЕГ, УЕПГ-т өргөдөл, гомдлоо өгөөд байна" гэв.

Харин ЦЕГ-аас "Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Номын баяр”-ын арга хэмжээний үеэр зохих зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж маргаан үүсгэж байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18.00 цагт тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн.

Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад 58 настай, эрэгтэй Т гэгч нь зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж маргаан үүсгэн газар сууж байсан тул цагдаагийн алба хаагчид гудамж талбай олон нийтийн газар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлж уг иргэнийг тухайн газраас холдуулсан байна" гэж тайлбарлаж байв.

Д.Цэцгээ: Ж.Мөнхбат амин хайртай охиныг минь удаа дараа зоддогийг охин минь нууж, шаналж явсан байна
Д.Цэцгээ: Ж.Мөнхбат амин хайртай охиныг минь удаа дараа зоддогийг охин минь нууж, шаналж явсан байна
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.