Нэр дэвшигч С.Эрдэнэ “Их тамир” амралтын газартаа усан бассейн хийлгэсэн компанидаа төлбөрийн үлдэгдэл 70 сая төгрөгийг өгөлгүй долоон жил болжээ. Мөнгөө авч чадаагүй хохирогч компанийн зүгээс мэдээлэл хийж байх үеэр Ардчилсан намын зүгээс тухайн иргэн нэр дэвшигчийг сүрдүүлсэн гэж үзэн цагдаад гомдол гаргаж цагдаагийн албан хаагч түүнийг авч явлаа. Хохирогч компанийн гүйцэтгэх захирал,
"Манайх "GMN" нэртэй усан бассейний тоног төхөөрөмж нийлүүлдэг компани байгаа юм. 2014 онд ажил гүйцэтгээд 70 сая төгрөгийн авлагатай байгаа. "Их тамир" гэх амралт нь "Молор констракшн" группын компани. "Молор констракшн" компаниас хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж олон удаа нэхэмжлэл гаргаж байсан боловч өдий болтол аваагүй байна, эцэстээ компанийнхаа дансыг хүртэл хаалгаад дампуурах дээрээ тулаад байна" гэв.
Энэ үеэр Ардчилсан намын хуулийн зөвлөх Г.Батбаяр цагдаагийн хамт ирэн мэдээлэл хийж байсан иргэнийг цагдаагийн албан хаагч авч явлаа. Ардчилсан намын хуулийн зөвлөх Г.Батбаяр,
"Танай компани 70 сая төгрөг авах эрхтэй гэж үзэж байгаа бол шүүх, цагдаадаа хандаж болно. Гэтэл та манай санхүүгийн алба руу утасдаад 70 сая төгрөгийн урьдчилгаа өгөхгүй бол би хэвлэл мэдээллээр цацлаа гэж сүрдүүлсэн. Иймээс таныг эрүүгийн хуулийн 17.6-д зааснаар сүрдүүлэх, дарамтлах гэмт хэрэг үйлдсэн гэж гомдлоо гаргасан байгаа. Одоо та цагдаатай цуг суугаад шалгуулаад яв" гэв.