Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: 2005 оны М.Энхсайхан ба 2021 оны С.Эрдэнэ...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 16 секунд

Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг АН-ын туг далбаа барьсан гишүүд нь Дорнодод хөөж харагдав. Сонгуулийн гол цөм нь намын гишүүд дэмжигчид байдаг. Гэвч энэ удаад АН-ын гишүүд эсрэгээрээ намынхаа нэр дэвшигчийг үгүйсгэж байх юм. Энэ юу ч биш. С.Эрдэнийн сонгуульд өөрсдийгөө ардчиллын "алтан хараацай" гэж дуудуулах дуртай лидерүүдээс нь бараг нэг ч хүн гарч ирж дэмжлэг үзүүлсэнгүй. Сонгуулиа нээхэд нь "бидон" Д.Ганбат, Э.Бат-Үүл нараас өөр хүн ирээгүй. З.Энхболд, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж тэргүүтэй нөхдөөс нь хэн ч С.Эрдэнэд амжилт хүссэнгүй.

Сонгуулийн “дүрэм”-ээр бол өөрийн намын гишүүдийг зөнд нь орхиж, саарал буюу хөвөгч гэж нэрлэгддэг сонгогчдын саналыг авахын төлөө ажилладаг. Гэтэл С.Эрдэнэ энэ сонгуулиар намынхаа гишүүдийн саналыг хүртэл “гуйх” дээрээ туллаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг гол буруутнууд бол АН-ын лидерүүд. Түүх давтагддаг гэдэг шиг 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН өнөөдөртэй тун төстэй байдлаар сонгуульдсан байдаг.

Тухайн үед 2004 оны сонгуульд М.Энхсайхан АН-ыг тэргүүлж эвсэл байгуулан оролцож МАХН-тай энэ тэнцүү суудал “зулгаав”. Ардчиллыг ялалтад хөтөлсөн М.Энхсайхан эвслийн Засгийн газрыг тэргүүлэх байсан ч Ц.Элбэгдорж тухайн үед МАХН-ын лидер Н.Энхбаяртай “тохиролцож” өөрийгөө Ерөнхий сайд болгосон гэдэг. Хожим Н.Энхбаярыгаа яллаад байснаас биш Ц.Элбэгдорж энэ хоёр ойлголцож чаддаг байсан түүх бий. Ингээд МАХН-ын тоглолтод орсон М.Энхсайханы АН доторх байр суурь ганхав. Үүнтэй нь уялдаж АН-ын даргын төлөөх “зодоон” 2005 оны сонгуулийн өмнө үүсч, яг өнөөдрийнх шиг АН-ыг хоёр хувааж орхисон. Хөдөө хотгүй хоёр хуваагдсан АН-ынхан. Үүнийгээ дагаад гишүүд нь хүртэл хоёр хуваагдаж байгаад хурал, цуглаан дээрээ муудалцаж, бүр гар хүртэл зөрүүлдэг байсан гэгддэг. Нам нь эв нэгдэлгүй, дээрээ учраа олохгүй байгаад жирийн гишүүд нь дургүйцэж өнөөдрийнх шиг нүүр буруулж байв. 2004 оны 12 сард нэгэнт байр суур нь ганхсан АН-ын дарга М.Энхсайханыг татан унагах төлөвлөгөөг МоАХ, Алтангадасынхэн боловсруулж, ҮЗХ-ны хурлаа зохион байгуулж М.Энхсайханыг Турк руу ажлаар явсан хойгуур нь намын даргаас нь огцруулав. Түүний оронд нь Алтангадас фракцын Р.Гончигдоржийг даргаар сонгож хүслээ гүйцээсэн түүхтэй. Үүнд нь "хорссон" М.Энхсайхан гаднаас ирэнгүүтээ эвслийг тарааж Ц.Элбэгдорж тэргүүтнээс “өшөө” авсан байдаг.

Ингээд шинэ оны босгон дээр эхэлсэн АН-ын даргын суудал, тамга тэмдгийн хэрүүл удтал үргэлжилж удтал "зодолдсон" АН-ынхан 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд арай ядан дэн дун орсон. Аргаа барахдаа М.Энхсайханыг Ерөнхийлөгчид Н.Энхбаяртай өрсөлдүүлж, Р.Гончигдорж намын даргаараа үлдэх тохироог хийж асуудал түр намжсан түүхтэй. Уг нь АН-ынхан Р.Гончигдоржийг Ерөнхийлөгчид зүтгүүлэх зорилготой байсан ч мань хүн “шалан дээр унасан” АН-ын нэр хүндээс эмээгээд хөдлөөгүй гэдэг. Арга ч үгүй биз. Яг өнөөдрийн С.Эрдэнэ шиг тухайн үеийн АН-ын нэр дэвшигч М.Энхсайханыг намын гишүүд нь хүртэл дэмжихгүй хоёр тийшээ хараад суучихсан байсан үе. Өөрөөр хэлбэл АН-ын талцал хуваагдал яг өнөөдрийнх шиг туйлдаа хүрсэн байдалтай Ерөнхийлөгчийн сонгуульд ороод М.Энхсайхан сонгуульд оролцсон сонгогчдоос ердөө 20 хувийн санал авч ялагдав. Нөгөө талд нь МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр даблдаж, 53 хувийн саналаар итгэл төгс ялалт байгуулж байсан. Мөн БНН-ын Б.Жаргалсайхан 13 хувь, Эх орон намын Б.Эрдэнэбат 11 хувийн санал авсан байдалтай дууссан. Хоёр гол намын нэгийг төлөөлж орсон М.Энхсайхан талцал хуваагдал, намын дотоод асуудлаасаа болоод намынхаа гишүүд дэмжигчдийн саналыг ч бүрэн авч чадалгүй сонгуулиа өндөрлүүлэв.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн үйл явц буюу эхлэл, өрнөл, төгсгөл С.Эрдэнэ, М.Энхсайханы түүхийг давтах вий дээ гэх түгшүүрийг яалтчгүй төрүүлж байгаа юм. Уг нь өрсөлдөөн аль болох тэгш, бас ойрхон байх тусмаа хариу гарахдаа илүү “мэргэн” байдагсан. АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуультай жил намын даргаа булаацалдаад ирэхээрээ л буруудаж, уруудах зам руу гарчихдаг сонин улс.

Г.Лхагвадорж

Чуулган: Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Чуулган: Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.