Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахалж, холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн. Тэрбээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчилгээ авах боломж, нөхцөлийг нэмэгдүүлж, байгууллагын орц, гарц, мэдээллийн самбар, стандартын ариун цэврийн өрөө бий болгож, угтах үйлчилгээнд дохионы хэлмэрч орчуулагч ажиллуулах хэрэгтэй байгааг онцолсон юм. Мөн бүтээн байгуулалтад хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний эрхийг хангах, төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах боломжийг нэмэгдүүлэхэд нутгийн захиргааны байгууллагууд санаачилгатай ажиллах хэрэгтэй гэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна гэж заасан байдаг. Үүний дагуу байгууллага бүр бүтэц, орон тооны хязгаартаа багтаан, шинээр орон тоо нэмэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах, энэ талаарх мэдээллээ нэгтгэж, эргэн мэдээлэхийг салбар зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооныхон “Дүүргүүдийн салбар зөвлөлийн ажил сайжирч байгаа нь сайшаалтай байна” хэмээн ярилаа. Тэд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хэсэгт орох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах квотыг нэмэгдүүлэх зэрэг хүсэлт гаргасан юм.