Цаг уурын байгууллагын мэдээллээр, маргааш Туул голын усны түвшин Төв аймгийн Лүн сум орчимд 60 орчим см нэмэгдэх төлөвтэй байна.
Өнөөдөр Сэлэнгэ мөрний эх, Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө, Сөгнөгөр зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд, Алтай нурууны Ховд, Булган зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 25-135 см, Хариг, Түргэн гол үерийн түвшинг 15-80 см, Халх Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.
Улсын хэмжээнд он гарснаас хойш 8 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүрэгт 18 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 13 хүн амь насаа алджээ. Нас барсан иргэдийн 4 нь хүүхэд байсан юм. Иймд гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж,согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчиж гол, усны ослоос сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.