Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдынхаа төрсөн өдрийг сар бүр хамтатган тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаа Зэвсэгт хүчний 110 дугаар ангид 2020 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн дайчдаас 2-5 дугаар сард төрсөн өдөр нь тохиосон хугацаат цэргийн алба хаагчдынхаа төрсөн өдрийн баярыг энэ сарын 15-ны өдөр хамтатган тэмдэглэжээ.
Өнгөрсөн саруудад цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан төрсөн өдрийг нь тэмдэглэж чадаагүй байсан аж. Хугацаат цэргийн алба хаагчдын төрсөн өдөр нь нэгэндээ баяр бахархал төрүүлэх, халуун дотно уур амьсгал бүрдүүлэхэд чухал үйл явдал болж, мартагдашгүй дурсамж болж үлддэг байна.