Өдгөө 50 настай Английн супер модель Наоми Кэмпбелл саяхан инстаграм хуудастаа охинтой болсноо зарлажээ. Тэрбээр зургийнхаа тайлбар хэсэгт, “Бяцхан сахиусан тэнгэр намайг өөрийн ээжээр сонгон ирлээ. Бид хоёрын амьдралд үргэлжлэх холбоог үгээр тайлбарлах аргагүй. Үүнээс төгс хайр байхгүй” хэмээн бичжээ.
Кэмпбеллийн ээж болох Валери Моррис Кэмпбелл инстаграмдаа “Би эмээ болохыг удаан хүлээсэн тул сэтгэл маш их хөдөлж байна” гэжээ. Шинэ хүүхдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч 2017 онд “Evening Standard” сонинд өгсөн ярилцлагын үеэр Кэмпбелл ээж болох хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.
Тэрбээр ахлах сургуульдаа сурч байх үедээ “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны хар арьст британийн загвар өмсөгч болжээ. Мөн буяны үйлсээрээ алдартай бөгөөд 2005 онд загвар, хүмүүнлэгийн үйлсийг нэгтгэсэн “Fashion For Relief” хэмээх буяны байгууллагыг байгуулсан юм.
Эх сурвалж: BBC