Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13,681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадаагүй байна. Үүнээс 2021 онд 1928 айл өрхийг Улсын төсөв болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар цахилгаан эрчим хүчинд холбох ажил хийгдэж байна.
Тус яамны зүгээс ирэх онд төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр банкнаас 10.1 тэрбум төгрөгийн зээл авч 3415 айл өрхийг энэ онд багтаан эрчим хүчинд холбох асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр яамдаас санал авч байна. Үлдсэн 8338 айл өрхийг холбох 23.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022 оны Улсын болон Нийслэлийн төсөвт суулгаж шийдвэрлэх шаардлага гарч байна. Дээрх цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхийн цахилгаан хангамжийн ажлын зураг, төсвийг хийж, бэлэн болгосон болно" гэлээ.