Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд болох авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүчний зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын талаар ЗГХЭГД Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр,
"Монгол улсын хүн ам сүүлийн 10 жилд 22.6 хувиар буюу 599,000-аар нэмэгдэж 2020 онд 3,253,000-д хүрсэн байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 345,000-аар нэмэгдэж 1,499,000-д хүрчээ. Нийт хүн амын бараг хоёр хүн тутмын нэг нь нийслэлд амьдарч байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт ААН-үүдийн 64 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. ДНБ-үүний 66.6 хувь нь нийслэлд бүрдэж байна. Ийнхүү хүн ам, эдийн засгийн төвлөрлийг дагаж Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудал гарч ирж байна. Хотын оршин суугчдаас тулгамдаж буй асуудлын талаар судалгаа явуулахад 45 хувь нь авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэжээ. Тулгамдсан асуудлуудаар салбарын сайдууд болон Улаанбаатар хотын засаг дарга мэдээлэл хийнэ. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаас тодорхой тогтоол гарч асуудлуудыг шийдвэрлэх хурал болно" гэв.