Урин дулаан цаг хаяанд ирж барилгын ажил ид өрнөж байна. Хэдийгээр коронавирусийн халдвар, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалж, ихэнх ААН-үүд үүд хаалгаа нээгээд удаагүй ч барилгын салбарын үйл ажиллагаа хаврын цагт эрчимждэгийн дагуу хаа сайгүй барилгын ажил өрнөж байна. Харин зуслангийн байшингийн засвар, хашааны банз хадах зэргээр өдийд ачаалал их байдаг модны захууд хүн багатай байна. Тиймээс бид Цайз захаас сурвалжилга бэлтгэхээр очиход иргэдийн хөл хөдөлгөөн маш бага байлаа. Шалтгааныг лавлавал, модны үнэ өссөнтэй холбоотой гэнэ.
-ЖИЛИЙН ӨМНӨ 25 МЯНГАТАЙ БАЙСАН БООДОЛ БРҮҮС ӨНӨӨДӨР 50 МЯНГА ГЭЖ БАЙНА-
Модны үнэ өссөн шалтгааныг түрээслэгчдээс лавлах гэсэн боловч тэд асуултад хариулахаас илт татгалзаж байлаа. "Би мод зардаггүй, хүний юм хараад сууж байна", "Би ачигч нь байгаа юм, эзэн нь алга байна" гэхчлэн зугтаж байв. Тиймээс худалдаа хийхээр явж буй иргэнээс зарим зүйлийг тодруулав. Тэрбээр, "Байшиндаа засвар хийхээр брүсс мод авахаар ирээд байна. Жилийн өмнө 25 мянган төгрөгний үнэтэй байсан 3х3 нэг боодол брүүс одоо 50 мянган гэж байна. Энэ жил корона гээд зам хаагаад мод орж ирэх нь багассан юмуу, үгүй юмуу мэдэхгүй. Сэлэнгийн мод ер нь их багассан шүү дээ. Тэнд чинь хоёр том мод бэлтгэлийн үйлдвэр байсан юм. Гуалингуудаа Бугантаас татаж аваад үйлдвэр дээрээ боловсруулаад улсынхаа нийт хэрэгцээг хангадаг байлаа. Одоо больчихсон юм шиг байна" гэлээ.
-МОД БЭЛТГЭГЧИД МОДОО БЭЛДЭХГҮЙ САМРАНД ЯВААД БАЙНА-
Тиймээс мод бэлтгэгчээс модны үнэ яагаад нэмэгдсэн талаар тодруулахад, "Ирж байгаа үнэ нь ийм байна. Коронагоос хойш хоёр дахин өсөөд байна. Дээрээс нь мод бэлтгэгч улсууд нь модоо хийхгүй самранд яваад байна. Тэгэхээр олдоц багатай байх нь аргагүй шүү дээ" гэлээ.
Цааш явтал гуалин үүрэн нэг захаас нөгөө зах руу зөөж байсан ахимаг насны мод бэлтгэгч "Ах нь энд ажиллаад удаж байна. 16 жил энд ажиллажээ. Мод бэлтгэх, хураах, ачих, савлах гээд бүгдийг нь хийдэг. Модны үнэ өссөн нь юутай холбоотой болохыг нь хэлж мэдэхгүй юм. Гайгүй л байдагсан" хэмээн бидэнд мэдээлэл өгсөн юм.
-МАНАЙ МОНГОЛЧУУД ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ТУСАМ Л АВААД БАЙДАГ-
Түрээслэгч болон түрээслүүлэгчдийн аль аль нь камер хараад холуур явж мэдээлэл өгөхөөс цааргалж байсан учир захын гадаа зогсон хувийн машинаараа ачаа зөөдөг жолоочоос иргэдийн худалдан авалтын нөхцөл байдлыг асуулаа. Тэрбээр, “Хүмүүс аваад л байна, манай Монголчууд чинь юмны үнэ нэмэгдэх тусам л авдаг шүү дээ. Модны үнэ өссөн, тоосгоны үнэ өссөн. Өсөөгүй юм байхгүй. 5 см зузаан 4 метрийн банз боодлоороо хоёр жилийн өмнө гэхэд 150,000 байсан бол өнөөдөр 600,000 гэж байна” гэв.
Барилгын материалын нэгэн үндсэн төрөл болох модны үнэ өмнө жилийн мөн үеэс даруй хоёр дахин өссөн нь "Хөл хорионоос болж мод бэлтгэгчдийн ажил зогсон цөөн тоогоор хотод нийлүүлж буй хүмүүс үнээ нэмсэнтэй холбоотой" хэмээн зарим худалдаа эрхлэгчид тайлбарлалаа. Мөн "Ажилчдын цалин, талбайн түрээсээ тасалдуулахгүйн тулд ийм үнээр худалдаалахаас өөр сонголтгүй байна" гэв.
Палк-30х15см, урт-4м 140,000-150,000₮, Брус-Боодол(9ш)-5х5см, урт-4м 55,000-60,000₮, Банз(4см)- 30ш, урт-4м 480,000-500,000₮, Банз(5см)- 30ш, урт-4м 550,000-580,000₮, Дранк-боодол, урт-4м 10,000₮ үнэтэй худалдаалагдаж байна.
Сурвалжилсан: Б.Амарбаясгалан
Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр