Өнгөрсөн долоо хоногт Афганистаны Кабул хотын нэгэн сургуулийн ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан машин дэлбэрч, 68 хүн амь үрэгдэн 165 хүн шархаджээ. Афганистанд суннит болон шийтийн урсгалыг дагадаг исламын шашинт үндэстний цөөнх олон байдаг. Ялангуяа дэлбэрэлт болсон газарт шийт шашинтнууд буюу хазара монголчууд олноор амьдардаг байна. Хазара монголчууд бол эрт цагт Афганистаны газар нутагт суурьшсан монгол угсаатнууд юм. Гэвч сүүлийн үед талибанчууд үндэстний цөөнхүүдийг устгах бодлогоор хазара монголчуудын эсрэг халдлага ихээр үйлдэж байгаагаас гадаад оронд дүрвэх олширсон юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр сургуулийн ойролцоох дэлбэрэлтээс гадна дахин ойролцоо хоёр газарт дэлбэрэлт болсон бөгөөд амь үрэгдэгсдийн олонх нь сурагч охид байжээ. Болсон явдлын дараа цагдаа нар болон иргэд гудамжийг даруй цэвэрлэн, наймаачид, худалдан авагчид исламын шашны Рамадан баярын бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж эхэлсэн байна. Иймд Кабулд болсон дэлбэрэлтийн дараах “NYTimes” агентлагийн авсан зургуудаас хүргэж байна.