УОК-ын шуурхай штабын дарга Ц.Ганзориг хөл хорио сулруулахтай холбоотойгоор хот хооронд зорчих иргэдийн заавал биедээ авч явах бичиг баримтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа нь өнгөрсөн нотлох баримт буюу e-mongolia системээс вакцины хоёр тунд хамрагдсан гэсэн бичиг баримт. /Цаасаар, цахимаар/
-Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирус халдвараар өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн магадлагаа. Хэрэв эдгээд гарсан бол эмнэлгээс магадлагааг авна. Магадлагаатай иргэдийг хот болон орон нутаг хооронд зорчиход PCR шинжилгээний хариу шаардахгүй.
-Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоноогүй, мөн вакцинд хамрагдаагүй хүмүүс заавал PCR шинжилгээг өгч шалган нэвтрэх товчоодоор зорчино.
-PCR шинжилгээг өгснөөс хойш гурав хоногийн дотор хүчинтэй.
-PCR шинжилгээ хийлгэх боломжгүй орон нутгийн иргэд болон хүүхдүүд түргэвчилсэн хариуны сөрөг бичгээр зайлшгүй тохиолдолд хот хооронд зорчино. Түргэвчилсэн шинжилгээний сөрөг гэсэн хариу хоёр хоног хүчинтэй.