Манай улсад 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүд цалинтай ээж хөтөлбөрт хамрагддаг. Тэгвэл мөн насны хүүхдээ асарч байгаа эцэг төрөөс ямар нэгэн тэтгэмж авдаг хуулийн зохицуулалт байхгүй байв.
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Тус хууль батлагдснаар 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа 20 мянга орчим эцэг энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн тэтгэмж авах боломж бүрдэх юм.
Үндсэн хуулийн цэц өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ.