“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар “Бадрах Энержи” ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Тавантолгой төслийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон юм.
Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй төслийг урагшлуулахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Үндэсний баялгийн сангийн тухайд дэлхийн томоохон үндэсний баялгийн сангуудын талаар сайтар судалгаа хийж, хуулийн төслийг боловсруулсан талаар Д.Хаянхярваа хэлэв. Цаашилбал Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Тавантолгойн цахилгаан станц барихаар тусгасан бөгөөд энэхүү төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах нь чухал болохыг онцолсон.
Элчин сайд Филипп Мэрлин ярианыхаа эхэнд “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийг урагшлуулах тал дээр хүчин чармайлт гаргаж буйгаа хэлэв. Тэрбээр уулзалтын үеэр Францын зарим компаниуд Тавантолгой төсөлтэй санхүүжилтийн схем байгуулах тал дээр туршлагаа хуваалцан хамтран ажиллах боломжтой болохыг тэмдэглэв.