Засгийн газраас 18.00 цагт хийсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мутацид орсон вирус Монгол улсад илэрсэн тухайд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Халдварын тоог багасгах зорилго байсан ч харамсалтай нь тэр тоондоо хүргэж чадсангүй. Хөл хорионы эрчим төдийлөн буурсангүй. Хөл хорио зарлаагүй бол өдөрт 3000-4000 хүн өвчлөх эрсдлээс сэргийлж чадсан. Мутацлагдсан хэлбэрийн хувьд албан ёсоор тодорхойлж зарлах ёстой.
Манай улсын гурван эмч Япон улс руу 20 орчим сорьц явуулж судалгаа хийсэн. Одоогоор хариу нь эцэслэн тогтоогдоогүй. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс PCR шинжилгээнд суурилсан мутаци илрүүлэх шинжилгээ хийж үзсэн байгаа. Ингэхдээ 33 сорьц хамруулснаас Турк улсаас ирсэн иргэнээс Их Британи улсад илэрсэнтэй адил хувилбар байна гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Бусад хүмүүст нийтлэг хэлбэрүүд илэрсэн. Иймд хүн амын дунд өргөн тархсан гэж хэлэх үндэслэлгүй. Манай мэргэжилтнүүд ирж эцсийн баталгаатай хариуг хэлнэ.
Хөл хорионы үед халдвар хамгааллын дэглэм өмнөхтэй адил байна. Вакцин мутацид орсон вирусийн эсрэг үр дүнгүй гэсэн судалгаа байхгүй. Нас баралтыг бууруулахын тулд эрт оношлогооны арга хэрэглэх ёстой. Мөн ХӨСҮТ, ЦТЭ, Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр тусламж үзүүлдэг байсан бол сүүлийн өдрүүдэд хувийн эмнэлгүүдийг татан оролцуулж байна"