Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ сарын 10-наас хойш 6714 тээврийн хэрэгслээр 11528 иргэн хөдөө, орон нутаг руу зорчжээ.
Давхардсан тоогоор 11 481 тээврийн хэрэгслээр 51 440 зорчигч орон нутгийг зорив. Сүүлийн нэг хоногт гэхэд нийслэл рүү 504 тээврийн хэрэгслээр 774 зорчигч нэвтэрлээ. Тодруулбал, эмнэлэг, эрүүл мэндийн шалтгаанаар 77 тээврийн хэрэгслээр 152, ар гэрийн гачигдлаар 47 тээврийн хэрэгслээр 93, хүнс шатахуун тээвэрлэх шалтгаанаар 380 автомашинаар 529 зорчигч нэвтэрчээ.
Харин 531 тээврийн хэрэгслээр 829 зорчигч нийслэлээс гарчээ. Эрүүл мэндийн шалтгаанаар 70 тээврийн хэрэгслээр 129, ар гэрийн гачигдлаар 51 тээврийн хэрэгслээр 110, хүнс, шатахуун тээвэрлэх шалтгаанаар 381 автомашинаар 536 зорчигч орон нутгийг зорьжээ.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавьж байгаа. Авто эргүүлийн чиглэлээр 130 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
НОК-ын Шуурхай штабын лавлах дугаарт хөдөө, орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд их ханддаг аж. Нийслэлээс орон нутаг руу явахдаа ар гэрийн гачигдал, буяны ажил, шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, газар тариалан, бүтээн байгуулалтын чиглэлээр явахдаа заавал PCR шинжилгээ өгч, тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч байгаа билээ.