Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт МАН-ыг тараах захирамж гаргахдаа намын дарга У.Хүрэлсүх нь цэргийн холбоо байгуулан, аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагуудыг холбоондоо оруулсан. Энэ цэргийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй, ингэснээрээ хууль зөрчиж байна хэмээн тайлбарласан. Тэгвэл уг мэдэгдлээс хойш хоёр хоногийн дараа буюу өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн байгуулсан Монгол цэргийннэгдсэн холбооноос мэдэгдэл гаргажээ.
Ингээд уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх нь өнөөдөр Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдлагад байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. У.Хүрэлсүх нь УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.13 дахь заалтын дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдмогц тус холбооны тэргүүний үүрэгт ажлаа 2020 оны 7-р сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бүрмөсөн хүлээлгэн өгсөн болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Цэргийн Нэгдсэн холбоог Монгол Ардын Намын дэргэдэх бүтэц мэтээр мэдэгдсэнийг бид үүгээр няцааж байна. Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо нь эмч, багш нарын зэрэг холбоодтой адилхан, сайн дураар эвлэлдэн нэгдсэн 20 мянга орчим Төрийн бус байгууллагын нэг юм. Цэргийн байгууллагуудаас бэлтгэл болон чөлөөнд гарсан ахмадууд Үндсэн хуулийн 16.10-т заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдсэн байгууллага билээ.
Эх оронч, үндэсний бахархалт үзлийг түгээн дэлгэрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлааг бэхжүүлэн, нийгмээ соён гэгээрүүлэх эрхэм зорилго дор 2019 оны 3-р сард үүсгэн байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай хол боог үүсгэн байгуулах хуралд баярын илгээлт ирүүлэн, хүндэтгэл үзүүлж байсныг ахмад дайчид бид тодхон санаж байна.
Иргэд, ирээдүй залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, тусгаар тогтнолын оюуны дархлааг бэхжүүлэх ахмад дайчид бидний сайн санааны ажил үйлсийг элдэв улс төртэй хольж хутгахгүй байхыг энэхүү мэдэгдлээр сануулан шаардаж байна. Монгол цэргийн нэгдсэн холбоо аливаа улс төрийн хүчин, түүний дотор Монгол Ардын намын үйл ажиллагаатай ямар нэгэн холбоогүй байгууллага болохыг хариуцлагатайгаар мэдэгдье
МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО