Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх, Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Лхагважавын Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилохыг байнгын хороо дэмжжээ.
УИХ‑ын дарга Г.Занданшатар:
“Нийгмийн даатгалын санд хулгай нүүрлэсэн нь үнэн. Энэ асуудалд Нийгмийн бодлогын байнгын хороо шинэлэг байдлаар хандахгүй байна. ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн. Нийгмийн даатгалын сан дампуурсан гол шалтгаан бол хуримтлуулсан мөн инфляцаар элэгдэлд ороод, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж байна гэж байнга нэмээд зарлага тал нь нэмэгдээд, орлогыг нь бүрдүүлэх эх үүсвэр байхгүй байсантай холбоотой.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хулгайгаар хүү цохиж байршуулдаг байсан гэмт хэрэг нь нотлогдсон. Эрүүл мэндийн сан ч ялгаагүй. Сангийн менежмент бүрэн алдагдсан. Энэ санг хамгаалахын тулд ажил олгогч, даатгуулагч, үйлдвэрчний эвлэлээс төлөөллийг нь бүрдүүлдэг. Энэ хүмүүс нүдэн балай суусан учраас Нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Найзан дундаа, ар өврийн хаалгаар хүн оруулж ирдэг асуудал байх ёсгүй. Энэ Үндэсний зөвлөлөөс хамаг юм болсон шүү. Манаж бай гээд явуулахад хамтарч хулгайлсан учраас Нийгмийн даатгалын сан өсөж арвижихгүй байгаа юм” гэв.