Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өнөөдрийн байдлаар 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байгааг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёр дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно.
Вакцины хоёр дахь тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна.
Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.
Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэндээ дөрөвдүгээр сард вакцины эхний тунг хийж, тавдугаар сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг хоёр дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид Ковид-19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март” гэжээ.