Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн чуулга уулзалт "Бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хамтын ажиллагаа" сэдвээр энэ оны 8-9 дүгээр сард болно. Тус чуулга уулзалтыг АНУ-ын Хавай мужид зохион байгуулахаар товложээ.
Үүнийг энэ сарын 11-нд болсон Энэтхэг-Номхон далайн бүсийн 22 улсын Агаарын цэргийн командлагч нарын дөрөв дэх удаагийн цахим чуулганы үеэр АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн Агаарын цэргийн командлагч К.Вилсба онцлоод, цахим хуралд оролцож буй командлагч нарт албан ёсны урилга хүргүүлж буйгаа мэдэгдсэн байна.
Тус цахим чуулганд манай улсаас Монгол Улсын Агаарын цэргийн командлагчийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Б.Энхзоргол, АНУ-аас Монгол Улсад суугаа цэргийн атташе дэд хурандаа Филип Х.Лью, Батлан хамгаалах яам [БХЯ]-ны Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн дэд хурандаа Б.Мөнхбаяр нар оролцжээ. Цахим хурлаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, ирэх 8,9 дүгээр сард болох чуулга уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг тодорхойлж, зөвлөлдсөн байна.