ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар Монгол улсын иргэн, сансарын нисэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ. Сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.
Дэвсгэр мэдээлэл: Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн № 1099 зарлигаар 2010 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Хаант засгийн үеийн түүхэн загвараараа гарч байгаа бөгөөд дөрвөн талаасаа анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд Александр Невскийн морин дээр суусан алтадсан дүрсийг байршуулсан түүхэн загвар юм.