Төрийн алба сошиалаар явдаг гэх шүүмж бий. Зарим нэг нь бүр “Миний шүүмжлэлийг дагаж төр засгийн шийдвэр өөрчлөгддөг” хэмээн “томрох” болсон. Энэхүү шүүмж өдөр ирэх бүр батлагдаж, улмаар төрийн ажил явдаг платформ нэгээр нэмэгдсэн нь клубхаус гэгч. IOS үйлдлийн систем буюу зөвхөн APPLE компанийн төхөөрөмжүүдэд ашиглагддаг тус апп-ын хэрэглээ манай улсад сүүлийн хэдэн хоногт бүүм болж байна. Үүнд хөл хорио нөлөө үзүүлж байгаа ч төрийн алба, чухал яриа тэнд өрнөөд буй учир хүмүүс хошуурах шалтаг болж байна...
“БОЛОВСРОЛЫН ТАЛААР… Clubhouse хэлэлцүүлэг 2021 оны хоёрдугаар сарын 22-ны даваа гарагт, 18:00 цагт эхэлнэ. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, "DeFacto ярилцлага"-ын хөтлөгч, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан нар оролцоно. Багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, судлаач, эцэг, эхчүүд та бүхэн оролцож, санал бодлоо солилцоорой” гэх зарлал БШУЯ-ны албан ёсны хуудаст байршуулжээ.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан клубхауст орохын тулд IPhone утас худалдан авснаа тунхаглан орж ирсэн. Хувь хүнийхээ хувьд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй ч төрийн сайд гэх эрхэм албыг хашиж буй хүний хувьд арай л их цагийг сошиалд зарцуулж, тэр ч бүү хэл албан ажлаа клубхауст явуулж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Тэрбээр боловсролын талаар хэд хэдэн удаа яриа өрнүүлж, “өрөө”-ндөө хүмүүсийг бужигнуулаад амжсан. Гэтэл одоо бүр боловсролын талаар хэлэлцүүлгийг клабхаусаар зарлаж, зараа БШУЯ-ны албан ёсны хуудсаар түгээж байна.
Боловсролын салбар тэгш хүртээмжийг бий болгож, хангах ёстой салбар. Гэтэл хөл хорионы үед цахим хичээлд нийт сурагчдын 70-80 хувь л хамрагдаж байна гэх тооцоо гараад буй. Хичээлийн хоцрогдолд орсон нэг үе бий болох дээрээ тулаад байгаа. Гэтэл салбарын сайд нь технологийн хөгжлийг ашиглан ажлаа явуулж, бүх хүн оролцох боломжгүй нэг компанийн хэрэглэгчиддээ зориулсан апп-аар хэлэлцүүлгээ хийж буй нь дэндүү ахар мөчид үйлдэл байлаа...
Дата авч, цахим хичээлээ хийж чадахгүй хүүхдүүд орон нутаг төдийгүй нийслэлийн захын хорооллоор нэг байхад салбарын сайд нь шинэ утас авснаа гайхуулж, хэлэлцүүлэг хийхдээ хүмүүсийг хэрэглээгээр нь ялгаварлаж байна.