УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:
-Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү? Төмөр замын хөтөлбөр, Газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү? Оюутолгой, Дубайн гэрээг зөв гольдрилд оруулах талаар шинэ Засгийн газар ямар байр суурь баримтлах вэ? Монголчууд эв эеийг хичээх түүхэн цаг үед ирээд байна. Энэ Засгийн газар байгалийн баялаг ард түмний өмч байх эсэхийг тодорхойлох гэж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ:
-Төмөр замыг үргэлжлүүлнэ. Миний хувьд өмнө нь хоёр удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Тавантолгойн төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюутолгойн хэлэлцээ амаргүй нөхцөлд байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Ахиц үр дүн гарахын хэрээр улстөржилт ч нэмэгдсэн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах санал тавьсан байгаа. Асуулт, хариулт дунд Дубайн гэрээний тухай яриад явна.