Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн эхний шат 2017-2020 оны 3 дугаар улирал хүртэлх хугацаанд хэрэгжиж дууссан. Төслийн 2 дугаар үе шатанд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгын хүрээнд 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд 2020 оны 10 дугаар сард нээлтээ хийж, төслийн Удирдах хороо шинээр байгуулагдсан.
Төслийн Удирдах хорооны анхдугаар хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикавагийн хамт Удирдах хороог даргалан зохион байгууллаа.
Хуралдаанд Хууль зүй, дотоод хэрэг, Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн дэд сайд, төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны удирдлагууд оролцлоо.
Энэхүү хуралдаанаар төслийн 2020 оны 4 дүгээр улирлын төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлажээ.