
Ерөнхий сайд Н.Учрал татварын багц хуулийн төслүүдийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх, татварын тайлан залруулах хугацааг хоёр хүртэлх жилээр сунгах зохицуулалтуудыг тусгаж буйг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд жилийн 1.0 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1.0 хувиар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлөх, иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ.
Мөн тэрбээр дөнгөж сая өөрийн цахим хуудсандаа, "Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1% татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө" хэмээн нийтэлсэн байна.
УИХ-д өргөн мэдүүлсэн татварын хуулийн шинэчлэлээс...
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын шатлалын босгыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 0-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлж буй бол дундын шатлалыг нэмснээр 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувиар татвар төлөх юм. Үүний үр дүнд 180 мянга гаруй аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө гэж үзжээ.
- Жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1.0 хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгох зохицуулалтыг тусгасан
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг татварын төлөх хугацааг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах зохицуулалтыг тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!