Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт арванхоёрдугаар сарын 30-ны 18.00 цагт МҮОНТ, UBS, V Television, TV5 Mongolia, TV9 Mongolia, ETV HD, NTV, С1 Telеvision, TV8 Mongolia, Star TV Mongolia, Edutainment TV, SBN tv, TMTV-ээр шууд хүрнэ.
“Монгол соёл-Монгол хүүхэд” тоглолтод ОХУ-ын дуучин Алсу, Германы “Чингис хаан” хамтлагийн дуучин Волфганг, реппер Нана, Холливудын од Стивен Сигал, Өвөрмонголын дуучин Тэнгэр, Алдарт хуурч Чибулаг, “Алсад сууга ээж” дуугаар үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсан Уужим хүү болон Өвөрмонголын “Хөх хээр, “Хангай” хамтлаг, Халимагийн алдарт Жангарч Цагаан зам, дуучин Диана, Буриадын дуучин Мэдэгма, Алиханзе, Сариуна, Саха Якутын гавьяат дуучин Саарын, Тувагийн Дэмбэрэл Оржак нар хилийн чанадаас оролцоно. Хүүхдийн төлөө бүхнийг уриалгад Монголын алдартай хамтлаг дуучид бүгд нэгдэж буй бөгөөд “Харанга”, “Хурд”, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Г.Ариунбаатар, дуучин Ука, бяцхан од Энжи, Уянга, дуучин Б.Алтанжаргал нар болон Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчид оролцоно.
Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1971 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
Бүхнийг хүүхдийн төлөө уриалгад нэгдэж, багачууддаа зориулцгаая.