Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан Х.Мөнхзул, Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд нарыг УИХ-ын тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилсон билээ.
Хуульд Комиссын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж заасны дагуу өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Томилогдсон гишүүд “Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах үүргээ чин шударгаар биелүүлэхээ батлан тангараглая.” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.