Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ шинэ улирлын хоёр дахь өдрийн тоглолтыг коронавирусний улмаас хойшлуулжээ.
“NBA”-ээс лхагва гарагт мэдээлснээр, лигийн эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг харгалзан үзсэний дүнд Хьюстон хотод болох "Оклахома Сити Тандер", "Хьюстон Рокетс" багийн тоглолтыг хойшлуулсан байна.
Түүнчлэн "Хьюстон Рокетс" багийн тоглогч Жеймс Харден эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг зөрчсөн тул "Оклахама Сити Тандер" багийн эсрэг тоглолтод оролцох боломжгүй болсныг мэдэгджээ. Ж.Харден даваа гарагт үдэшлэгт оролцон дүрэм журмыг зөрчсөн тул түүнийг 50 мянган ам.доллароор торгохоор болжээ.
“NBA” тамирчдаа 15-аас дээш хүн нэг дор цугласан үйл ажиллагаанд оролцох, шөнийн цэнгээний газар болон клуб зэргээр үйлчлүүлэхийг хориглож байгаа юм.