АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 18 сая давсныг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа. Өнөөдрийн байдлаар 18 006 061 хүн халдвар авч, 319 190 хүн нас барсан АНУ нь эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт жагсаж байна.
Тус улсад халдварын эхний есөн сая тохиолдол 284 хоногт бүртгэгдсэн бол сүүлийн есөн сая тохиолдол дөнгөж 52 хоногт илэрсэн байна. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 21-нд бүртгэгджээ.
АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг муж улсаар авч үзвэл, Калифорнид хамгийн олон буюу 1 907 483, Техаст 1 602 988, Флоридад 1 212 581, Иллинойст 905 069, Нью-Йоркт 857 049 хүн халдвар авчээ. Түүнчлэн Охайо, Жеоржиа, Пенсильвани, Теннесси, Мичиганд халдварын 500 мянгаас дээш тохиолдол илэрсэн байна.