Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Тус дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлэв. Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор байгуулагдаж, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Б.Жавхлан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар харьяалагдаж буйг Байнгын хорооны дарга танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут, С.Чинзориг, Б.Жавхлан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн асуулт асууж, саналаа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг чухал болохыг онцолж, санхүү мөнгөнөөс улбаалан хэрэгжээгүй олон ажил байсан гээд Сангийн яамны дэд сайдаар ажиллаж байсан хүн тус дэд хорооны даргаар томилогдож байгаа нь сайшаалтай болохыг цохон тэмдэглэв.
Ингээд Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь дэмжснээр тус Байнгын хорооны тогтоол батлагдлаа.