Умард Солонгосын загасчны завины ахмад далайд явж байхдаа хориотой гадаад радио суваг сонссон гэх хэргээр олны өмнө цаазлуулсан байна.
Нутгийнхны мэдээлж буйгаар, завины ахмад 40 гаруй настай Чой овогт гадаад радио суваг сонссоноос нь болж бусад завины ахмад, загасчид тэргүүтэй 100 хүний өмнө буудан хороожээ.
Пёньян радио сувгийн тал дээр маш чанга хатуу бодлого баримталдаг бөгөөд ард иргэддээ ихэнх гадаад радио сувгийг сонсохыг хатуу хориглодог аж. Гэвч задгай далайд явж байхад радио хүлээн авагч төхөөрөмжид зарим гадаад сувгийн долгион орж ирдэг байна. Чой нийт 50 гаруй загасны завь эзэмшдэг бөгөөд нэг завиных нь ажилтан анх түүний талаарх мэдээллийг албаныханд хүргэжээ. Харин хууль сахиулагчид Чой ахмадын үйлдлийг эрх баригч намаас урвасан хэрэг хэмээн үзсэн байна.
Завины ахмадын үнэнч ажилтны мэдүүлснээр, Чой сүүлийн 15 жилийн турш далайд гармагцаа гадаадын радио суваг тааруулан сонсдог байсан гэнэ. Тэрбээр “Эрх баригчид эхэндээ түүнийг “хүмүүжүүлэхээр” төлөвлөж байсан ч санал нийлж чадаагүй учир буудан хороохоор шийдсэн. Тэгэхдээ тэд цаазын ялыг олны өмнө гүйцэтгэж, бусад хүмүүст жишээ болгон харуулсан” хэмээн ярьжээ.
Чойн хамгийн их сонсдог байсан сувгуудын нэг нь Пёньяны хориглосон Radia Free Asia суваг байжээ. Тус суваг нь АНУ-ын засгийн газраас санхүүждэг, Азийн талаар мэдээ бэлтгэдэг бие даасан агентлаг юм.