Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төр татвараа шударгаар тооцож авах уу, эсвэл ахиу татвар цуглуулахын төлөө мэдэн будилаад ч хамаагүй чигээрээ зүтгэх үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 26 секунд

Хөгжиж буй оронд төсвийн орлогыг аль болох ахиу бүрдүүлэх нь тэргүүний зорилт мөн боловч татварыг шударгаар тооцож хураан авах нь ардчилсан Монголын амин сүнс. Тэгвэл уг үзэл санаа зөрчилдсөн нэгэн үйл явдал улс төр, уул уурхайн салбарт өрнөж байна. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сараас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үнээр тооцохоор болж, өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, компаниуд нийт гаргаж буй бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалж чадсан бол нийт бүтээгдэхүүнийх нь АМНАТ-ийг биржээр арилжаалагдсан үнийн дүнгээр тооцох зохицуулалт хийсэн. Ингэснээр уул уурхайн салбарынхны дунд хамгийн их яригдаж ирсэн татварыг шударгаар тооцож авах систем зөв ажиллаж эхэлсэн билээ. Гэвч нөгөө талд зарим нэр бүхий улстөрчид уг зохицуулалтыг буруутгаж, өмнөх буюу жишиг үнээр тооцож авах аргачлалыг буцааж авчрах ёстой хэмээж байна.

Нэг үгээр хэлбэл, Монголын төр татварыг шударгаар тооцож авах уу, эсвэл ахиу татвар цуглуулахын төлөө мэдэн будилаад ч хамаагүй чигээрээ зүтгэх үү гэсэн сонголтыг ахин хөндөв. Учир нь манайх бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа боомтын байршилтай хамааралгүй, гадаад улсын нутаг дэвсгэр дэх (лондонгийн бирж) өөр байршил, өөр боомтын үнэ өртгөөс тооцон гаргасан жишиг үнийг мөрдсөнөөр манай бодит зах зээлийн үнэтэй зөрчилдөж байсан. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль (АМТХ)-ийн дагуу хүдрээр нь экспортлоход АМНАТ 10 хүртэл хувь байх учиртай. Гэтэл төмөр, жоншны тухайд энэ хэмжээ олж байгаа бодит борлуулалтынх нь 50, нүүрсний хувьд 30 хүртэл хувь болж нэмэгдсэн байдаг. Үүнийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч, батлан ярьсан нь бий. Мэдээж энэ бүхэн нь уул уурхайн салбарынхны бүтээмжийг бууруулж, өрсөлдөх чадварыг унагаж, урт хугацаанд тогтвортой өсөх боломжийг хязгаарлах зэрэг олон сөрөг үзэгдлийг авчирсаар байгаа. Гэвч энэ бүхнийг мэдсээр байж “компаниуд хилийн цаана өөр үнээр зараад, дотооддоо өөр үнэ мэдүүлээд улс татвараа бүрэн гүйцэд авч чадахгүй байх вий” гэх шалтгааныг өмнөө барьж жишиг үнийг тулгасаар ирсэн.

Тэгвэл АМНАТ-ийг биржийн үнээр тооцсоноор бодит бөгөөд шударга үнэ болж байна. Өөрөөр хэлбэл, компаниуд хилийн цаана өөр үнээр зараад байгаа учир бид жишиг үнийг мөрдөнө гэх өмнөө барьж байсан ганц “лоозон” нуран унаж, хардах шалтгаан үгүй болсон. Нэхэн сануулбал, УИХ-аас 2022 онд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, тус хуулиар манай улсаас экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнийг заавал “хил залгаа улсын хилийн боомт хүргэж өгөх” олон улсын худалдааны нөхцөлөөр нээлттэй арилжаалахаар хуульчилсан. Уг заалт тус хуулийн 14.1-д дурайж буй, харж болно. Нэг үгээр хэлбэл, манай улсын уул уурхайн биржийн арилжаа гүйцэтгэж буй Монголын хөрөнгийн биржийн бүх арилжаа уг олон улсын худалдааны нөхцөлөөр хийгдэж байгаа юм. Иймд Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнэ бол худалдагч, худалдан авагч нарын нээлттэй арилжааг тогтоосон хамгийн дээд, бодит үнэ хэмээн үзэх ёстой. Нөгөөтээгүүр, энэ нь биржийн арилжааг дэмжих, уул уурхайн салбарт нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, цаашлаад төрийн хамаарлыг бууруулах, олон нийтэд хүрэх өгөөжийг өсгөх зэрэг олон чухал ажлыг үүд хаалгыг нээсэн алхам юм.

Мөн биржийн үнийг барьснаар улсын төсөвт төвлөрүүлэх АМНАТ-ийн төлбөр 50 орчим тэрбум төгрөгөөр буурах эрсдэлтэй гэх тайлбарыг зарим улстөрч хийж буй. Тэгвэл, үүнд татварын шударга тогтолцоо үйлчлэх ёстой гэсэн зарчим төрийн хамгийн эхний сонголт байх учиртайг эргэн сануулъя. Хоёрдугаарт, Монголын хөрөнгийн биржийн арилжаа буюу зах зээлийн бодит үнээр АМНАТ-ийг тооцсоноор уул уурхайн салбарт шударга механизм үйлчилж, арилжаа сэргэх, тогтвортой өсөх боломжууд нэмэгдэх юм. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа идэвхжиж дуудлага худалдаанаас олох нэмэлт орлого 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоолол бий. Энэ нь дунд, урт хугацаандаа манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

NBA-д дундаж тоглогчид хүртэл жилийн $30 сая доллар хүсэх болжээ
NBA-д дундаж тоглогчид хүртэл жилийн $30 сая доллар хүсэх болжээ
 
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн  зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.