НБЭ-ийн 2020-2021 оны улирал эхлэхэд хагас сар орчмын хугацаа үлдлээ. Өнгөрсөн улирлын плэйоффийн шилдэг найман багийн (плэйоффийн эхний шатаа давсан) тоглогчидтой хийсэн гэрээ болон солилцооны талаар нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
Лос Анжелэс Лэйкерс аваргаа хамгаалахаар шулууджээ
Улирлын өмнөх солилцооны үеэр хамгийн идэвхтэй ажилласан багуудын нэг бол өнгөрсөн улирлын аварга Лос Анжелэс Лэйкерс билээ. Тэд багийн үндэс суурь болох гол тоглогчдоо авч үлдэн Ражон Рондо, Дэнни Грийн, Жавэль Макгий, Дуайт Ховард зэрэг тоглогчдыг багаасаа явууллаа. Харин эсрэгээрээ залуу холбон тоглогч Деннис Шрүдер, шилдэг сэлгээний тоглогч Монтрез Харрел, туршлагатай төвийн тоглогч Марк Гасол, хамгаалан тоглогч Уэсли Маттьюс зэргийг багтаа нэгтгэлээ. Ингэснээр тэд аваргаа хамгаалах сэтгэлзүйтэй улирлаа эрч хүч дүүрэн эхлүүлж буй бөгөөд аварга авах багуудын дундаас хамгийн тодоор яригдаж буй юм.
Лэйлерсийн энэ улирлын гарааны бүрэлдэхүүн Кэнтавиус Калдвелл Поп, Уэсли Маттьюс, Леброн Жэймс, Энтони Дэвис, Марк Гасол гэсэн тавт байх урьдчилсан таамаг байна. Ташрамд дуулгахад Лэйкерс улирлын нээлтийн тоглолтоо Клипперстэй хийх бөгөөд зул сарын тоглолтод Даллас Мавериксийн эсрэг тоглохоор болсон.
Миами Хит бүрэлдэхүүнээ хадгалан үлдлээ
Дорнод бүсийн аварга Миами Хит өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээ бараг тэр чигт нь хадгалан үлдлээ. Багийн залуу од тоглогч Бам Адебайотой таван жилийн 163 сая долларын гэрээ хийсэн нь онцлох мэдээ байсан ба бэртлийн улмаас финалын тоглолтуудыг өнжсөн Горан Драгичийг солилцоонд оруулах шум гараад байсан ч түүнийг багтаа үлдээн хоёр жилийн гэрээний сунгалт хийжээ. Мөн тэд Мо Харклэс, Эвэри Брэдли нарыг багтаа нэгтгэсэн юм.
Денвэр Наггетс Өрнөд бүсийн “өөгүй” багуудын нэг
Залуу од тоглогчид болох Жамал Мюррэй, Никола Йокич нараар удирдуулсан Денвэр Наггетс баг цөм бүрэлдэхүүнээ хадгалан үлдсэн. Гарааны тоглогчдын бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй бөгөөд хүчний довтлогчийн байрлал дээр Жамайкл Грийнийг багтаа элсүүлсэн ба Тори Крэйгийг солилцоонд оруулсан. Сүүлийн жилүүдэд плэйоффд тогтмол амжилт үзүүлж буй Денвэр Наггетс лигийн хамгийн өө сэв багатай, багийн уур амьсгал сайтай багуудын нэг билээ.
Милуаки Бакс багт сүүлийн жилүүдэд байгаагүй шилдэг баг бүрдлээ
Яннисийн эрэн үе эхэлснээс хойш Милуаки Бакс багт сүүлийн долоон улиралд байгаагүй шилдэг баг бүрдлээ. Сүүлийн жилүүдэд багийн үндсэн холбон тоглогч эрэлхийлсээр байсан “Буганууд” багтаа тун сайн тохирох Жрү Холидэйг эгнээндээ нэгтгэлээ. Мөн Тори Крэйг, Дж Аугустин, Бобби Портис, Брайн Форбэс зэрэг тоглогчдыг багтаа нэмж сэлгээний хүчээ ч мөн зузаатгалаа. Харин багт үзүүлэх үр нөлөө нь төдийлэн хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байсан Эрик Блэдсо, Жорж Хилл, Ирсан Иллёсова зэрэг тоглогчдыг явуулжээ.
Богдан Богдановичтой гэрээ хийхээр тун ойртож ирэн бүтэлгүйтсэн хэдий ч цаасан дээр буусан бүрэлдэхүүний хувьд Милуаки Бакс ирэх улиралд Дорнод бүсийн шилдэг баг мөнөөс мөн.
“Хараалтай” Клиппэрсийн хариуцлагатай улирал
Өнгөрсөн улирлын турш топ түвшний багууд дунд нэр нь цойлсоор ирсэн ч үзүүлсэн амжилт нь хангалтгүй байсан Лос Анжелэс Клиппэрсийн ирэх улирлын дүр зураг НБЭ сонирхогчдын эргэлзээг төрүүлсээр. Багийн нүүр царай болсон хоёр од тоглогчийн эрх ямба хэрээс хэтэрсээр. Леонард, Жорж хоёр багийн бэлтгэл болон аяллын хуваарийг өөрчлөх эрх мэдэлтэйгээс гадна багийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөхүйц хэд хэдэн шалтгааны эзэд.
Тэдний улирал хэрхэн өрнөхийг тааварлах аргагүй. Ямартай ч багийн ахлах дасгалжуулагчийг сольж тоглогчдын бүрэлдэхүүнд хэд хэдэн тоглогч нэмээд буй. Тухайлбал туршлагатай төвийн тоглогч Сөрж Ибака, Франц лигеонэр довтлогч Николас Батум, сэлгээний холбон тоглогч Кай Бовман зэрэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн бол Жамайкл Грийн, Монтрез Харрел, Ландрэ Шамет, Жаким Ноа зэрэг тоглогчдыг солилцоонд оруулж, багаасаа хасчээ. Клиппэрсийн хувьд өнгөрсөн улирлын алдаагаа залруулах хариуцлагатай улирал болох нь ойлгомжтой байна.
Хэйвардтай Бостон Селтиксийн “хээр хоносон” гурван улирал өндөрлөлөө
Бостон Селтикс жил бүр(сүүлийн таван жил) аваргын түвшний багуудын тоонд багтдаг ч бүсийн финалын шатыг давалгүй өдийг хүрлээ. Асуудал Кайрид байсан, байгаагүй хэмээн НБЭ сонирхогчид одоо ч маргалдаж буй.
Харин энэ улирлын хувьд томоохон солилцоо хийж Гордон Хэйвардыг солилцоонд орууллаа. Мөн Энес Кантер, Брэд Уанамэйкэр зэргийг багаас явуулсан бол холбон тоглогч Жефф Тиг, төвийн тоглогч Тристан Томпсон нарыг эгнээндээ нэгтгэжээ.
Хьюстэн Рокетсийн “хүндхэн” нөхцөл байдал
Хьюстэн Рокетс баг Жон Уоллыг драфтын нэгдүгээр тойргийн эрхийн хамт Рассел Уэстбрүүкээр сольсон нь НБЭ сонирхогчдын хувьд энэ долоо хоногийн хамгийн том мэдээ байлаа. Рокетсийн болон Уизардсын дэмжигчдийн зүгээс “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй” гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс олон байна.
Мөн Рокетсийн багийн лидер Жэймс Харден багаас явах хүсэлтэй буйгаа мэдэгдээд удаж байна. Багийн дасгалжуулагчийг сольж Стефэн Силасыг томилоод буй. Товчхондоо Рокетс Харденгүй, Уэстбрүүкгүй, Майк Дэ Энтонигүйгээр бүхнийг “тэг”-ээс эхлэх гэж хичээж буй боловч бусад багуудтай солилцооны тохиролцоо хийж чадахгүй байгаа нь тэднийг хүндхэн нөхцөлд унагаад байна.
Хьюстэн Рокетс Рассел Уэстбрүүк, Роберт Ковингтон зэрэг тоглогчдыг багаас явуулсан бол Жон Уолл, Дэмаркус Казинс, Кристиан Вүүд, Жералд Грийн зэрэг тоглогчдыг эгнээндээ нэмжээ.
Марк, Ибака нар өгөх зүйлээ өгөөд Торонто хотыг орхилоо
2019 оны аварга Торонто Рапторс багийн финалын үнэ цэнэтэй тоглогч Кавай Леонард аварга авсныхаа дараа жил багийг орхисон бол энэ удаад багийн төвийн тоглогчид болох Марк Гасол, Сөрж Ибака нар зам замаа хөөлөө. Товчхондоо тэд багт өгөх зүйлээ өгөн, авах зүйлээ аваад буцлаа. Өнгөрсөн улиралд Кавай Торонтог орхисон хэдий ч тэд Дорнод бүсийн шилдэг багуудын нэг хэвээр гэдгээ батлан плэйоффийн хоёрдугаар байраар шалгаран эхний шатад Брүүклинийг шүүрдэж удаах шатад Бостонтой долоон тоглолт гарган хожигдол амссан билээ.
Торонто Рапторс Марк Гасол, Сөрж Ибака зэрэг тоглогчдыг солилцоонд оруулсан ба Фрэд Ванфлийттай гэрээ сунгаж, Алекс Лэн, Арон Бэйнс зэрэг тоглогчидыг багтаа элсүүлжээ.
Бэлтгэсэн: Б.Амарбаясгалан
www.ubn.mn