ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн хамт олон Хустайн нуруу, Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор, холбоос нутгийг илрүүлэх судалгааг 2019-2020 онд хийжээ.
Судалгааны хүрээнд унтуулах, тор татах аргаар Тарвагатайн нурууны БЦГ-т 4 халиун буга, Хустайн нурууны БЦГ-т 6 халиун буга барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүв. Сансрын дохиолол бүхий нэг хүзүүвч нь өдөрт 6 цэгэн мэдээлэл дамжуулдаг. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 12,500 гаруй цэгэн байршил илрүүлжээ.
Халиун бугын хоногийн шилжилт хөдөлгөөн дунджаар Хустайн нурууны БЦГ-т 484-508м, Тарвагатайн нурууны БЦГ-т 419-485м, эзэмшил нутгийн хэмжээ 144-242 км2, 36-51 км2 талбайг эзэлж байв.
Сонирхуулахад, Тарвагатайн нуруунд хүзүүвчилсэн халиун буга Тэрхийн цагаан нуурын зах орж, буцаад Тарвагатайн гол нурууг дамнан урагш Их Богд уул руу Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан зэрэг сумыг дайран өнгөрч 20 хоногийн хугацаанд 480 км зам туулан Жинст сумын нутагт очсон байжээ.