Монгол найруулагч Л.Номингийн бүтээл "Хүрд" хэмээх богино хэмжээний кино “The International Documentary Film Festival”-иас шагнал хүртжээ. Монгол Улсад жилээс жилд өсч байгаа амиа егүүтгэх үзэгдлийг хөндсөн энэ баримтат кино нь Олон улсын баримтат кино фестивалийн уралдаант хэсэгт сонгогдож, Богино хэмжээний баримтат киноны төрөлд нэр дэвшин, шагнал авсныг уран бүтээлчид дуулгалаа.
Уг фестиваль Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо энэ сарын 21-нд нээлтээ хийжээ.
“Хүрд” баримтат киноны хөгжмийг ардын язгуур урлагийн “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог зохиожээ. Цар тахлын улмаас энэ жилийн наадамд биеэр оролцохоос гадна онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл 250 гаруй баримтат киног үзэгчдэд онлайнаар толилуулах гэнэ.