С.Энхболд: ЭМДЕГ-ын даргаар томилогдохдоо салбарын сайдтайгаа тохиролцсон. Прокурорт шалгагдаж байгаа ч томилгоонд хуулийн зөрчил үүсээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
18 минут 51 секунд

ЭМДЕГ-ын дарга, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЭМДС-д хуримтлагдсан эмнэгүүдийн авлагыг энэ сард багтааж олгож дуусна-

-Эрүүл мэндийн даатгалын сан 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээхэд 2022-2023 онд хуримтлагдсан өр 220 орчим тэрбум төгрөгийн эзэлж буй. Үүнээс болж улсын дийлэнх эмнэлгүүдийн тусламж үйлчилгээгээ хэвийн хүргэхэд хүндрэлтэй болж, ажилчдынхаа цалинг хүртэл хоцроох тохиолдол гардаг болсон тухай өнгөрсөн онд эмнэлгийн удирдлагууд ярьж байсан.Таныг ажлаа авахад энэ асуудал ямар хэмжээнд байсан бэ, Одоо эмнэлгүүдэд нөхөж олгох ёстой санхүүжилт олгогдож байгаа юу?

-Үүнийг ярихын өмнө эхлээд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо яаж явсан бэ гэдгийг онцлох нь зүйтэй байх. Анх 2020 онд ЭМД-ын багц хууль шинэчлэгдээд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо руу шилжсэн байдаг. Үүнийг хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, санхүүгийн дарамтыг бага учруулах зорилготой байсан. Нэг үгээр, төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэдэд тусламж үйлчилгээг нэг тарифаар үзүүлдэг бай тогтолцоо руу шилжин орсон гэсэн үг.

2021 онд ЭМДШ-ийн орлогоор бүрддэг сан тусдаа төсөвтэй. Улсын төсөв талаасаа мөн тусдаа төсөвтэй байдаг байсан. Энэ хоёр санг нийлүүлээд ЭМДС-г гаргасан. Ингээд 2021 онд 1.1 ихнаяд төгрөгийн сантай байсан. Энэ онд сангийн орлого 2.5 их наяд төгрөгөөр, зарлага 2.2 их наяд төгрөгөөр батлагдсан. Тэгэхээр сангийн орлого жил бүр нэмэгдэж ирсэн гэсэн үг. Гэхдээ сан маань өөрөө хязгаартай төсөвтэй, хязгааргүй хэрэгцээтэй гэдгээрээ онцлог. Учир нь өвчлөлийг бид хязгаарлах ямар ч боломжгүй. Тиймээс сангийн орлого, зарлагын тэнцэтгэлийг барьж ажиллах нь ЭМДС-ийн гол үүрэг нь болдог. Жил бүр төсвийн хуваарь, оношны бүлгийг тарифжуулах, яаж эмнэлгүүдээ санхүүжүүлэх вэ гэдэг бодлогын бүх тогтоолуудаа ЭМДҮЗ-өөр орж батлуулдаг. ЭМДҮЗ-ийн 9 гишүүн УИХ-аас батлагдаж томилогдсон байдаг гэдгийг мэдэх байх. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд санд нэлээд өр хуримтлагдсан байдаг.

Намайг ажил авахад эмнэлгүүдэд өгөх өрийн хэмжээ нэлээд хүнд байдалтай байсан. Тухайн эмнэлгүүд цаанаа эм ханган нийлүүлэх газарт мөн өртэй болчихсон байсан. Үүнээс болж зарим нэр төрлийн эм тариа тасалдах нөхцөл байдал үүсчихсэн байсан. Тиймээс Эрүүл мэндийн сайдын зүгээс болон ЭМДҮЗ-өөс гаргасан шийдвэр нь эхний ээлжид эмнэлгүүдийн өр авлагыг барагдуулах тухай байсан. Нийтдээ 316 тэрбум төгрөгийн өр үүсчихсэн байсныг энэ жилийн батлагдсан төсвөөс гаргаж төлж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд авлага барагдуулалт 95 хувьтай болсон байна. Үлдсэн 30 гаруй тэрбум төгрөгийн өрийг энэ сардаа багтааж эмнэлгүүддээ барагдуулж дуусна.

-Эмнэлгүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон нь тогтолцооны шинэчлэл гэж байгаа хэдий ч хяналт бүрэн алдагдчихсан гэж харахаар алдаа дутагдлууд өнгөрсөн хугацаанд гарлаа шүү дээ. Тодруулбал, ЭМДЕГ-ын өмнөх дарга Б.Бямбасүрэн, нэр бүхий хэлтсийн дарга нар хувийн эмнэлгүүдтэй үгсэн хуйвалдаж, хуурамч бичилт хийх замаар гүйцэтгэлийн санхүүжилт дундаас мөнгө завшсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байна. Ил тод байдал, хяналтын системдээ хэрхэн анхаарах вэ?

- Гүйцэтгэлээр санхүүжүүлдэг журамд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Нэгэнт хийгдсэн тогтолцооны шинэчлэл хэвээр үргэлжилнэ. Аль 2013 оноос л энэ санхүүжилтийн системийг судалж ирсэн. Төслийн нэгж хүртэл байгуулагдаж, 2020 онд хууль батлагдаад 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Мэдээж шинэ зүйл эхлэхэд алдаа дутагдал гарна. Ололттой талууд маш их бий. Аль ч эмнэлгийн удирдлагуудтай уулзахад энэ тогтолцоог маш зөв алхам байсан гэж хэлнэ. Миний хувьд ч тухайн үед эмнэлэг удирдаж байсан, энэ тогтолцоо рүү шилжихэд хамт хийлцэж байсан хүн.

Өмнөх удирдлагуудын асуудал бол өөр зүйл. Манай байгууллагын онцлог нь бүтээгдэхүүн худалдаж авдаг. яг иргэдтэй л адил даатгуулагчийг төлөөлсөн байгууллага гэж ойлгож болно. Эмнэлгүүд тухай сард даатгуулагчдад үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ тайланг сарын сүүлчээр манайх руу явуулна. Бид тэр бүгдийг хянаж үзээд санхүүжилтийг нь олгодог.

-Миний зорьж буй гол ажил ЭМДС-ийн үйл ажиллагааг ил тод болгож, цахимжуулах явдал-

-Тэр хяналт чинь өөрөө сул байгаад байна л гэж лавлаад байгаа юм. Даатгалын эрх бүхий албан тушаалтан санхүү, гэрээт эмнэлгийн удирдлагатайгаа хуйвалдаж гүйцэтгэлийн тайлангаа хуурамчаар дүнг нь өсгөж санхүүжилт авч байгаа тохиолдлыг дахиж яаж гаргахгүй байх вэ гэдэгт асуудал байгаад байна?

-Яах вэ, хэсэг бүлэг хүмүүсийн асуудал байгаа байх. Ойрын нэг, хоёр жилийн хугацаанд аль болох хүнээс хараат бус цахимжуулалт руу бүрэн шилжихээр зорьж байгаа. Миний ажил аваад ганц хийх ёстой бодлого бол энэ гэж харж байна. Дээр нь бидний олгож байгаа санхүүжилтийн тогтолцоо аль болох инфляц болон зах зээлийн бодит өртөгтэйгөө нийцсэн байх ёстой юм байна гэдэг алхам руу шилжээд явж байна гэсэн үг.

-Эмнэлгүүдийн авлагыг даатгалын сангаас барагдуулаад дуусаж байна гэлээ. Гэтэл одоо хүртэл хавдрын дараах нөхөн сэргээх эмчилгээний зарим эм тариа тасалдсан, нөөцгүй болсон гэх шүүмжлэлийг иргэд хэлж байна. Хэзээ хэвийн байдалдаа орох бол?

-Энэ бол тухайн байгууллагын хариуцлагын асуудал. Эм ханган нийлүүлж байгаа байгууллага өөрсдөө гэрээний дагуух нийлүүлэлтээ зөрчөөд хоцроосон бол мэдээж тэнд доголдол үүснэ. Тэгэхээр дан ганц даатгалын байгууллагаас шалтгаалсан гэхээс илүү тухайн эмнэлэг, эм ханган нийлүүлэх газар хоорондын төлөвлөгөө, ажил үүргийн доголдлоос болж цаана нь өвчтөн ямар нэгэн байдлаар хохирч болохгүй. Нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн оны намар ялангуяа улсын эмнэлгүүд дээр эм тариа тасалдах асуудал үүсэж байсан юм билээ. Одоо бол хэвийн байгаа.

ЭМДС нийт ДНБ-ий ердөө гуравхан хувийг эзэлж байна. Цаашдаа зургаан хувьд хүргэх шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн сайд ч хэлж байгаа. Сангийн хөрөнгийг зургаан хувьд хүргэж чадвал санхүүжилттэй холбоотой ямар нэгэн асуудал дахиж үүсэхгүй л гэж хэлээд байгаа юм.

-АТГ-аас ЭМДЕГ-ын даргаар томилогдоход хуулийн зөрчилгүй гэж үзсэн-

-Та оны босгон дээр ЭМДЕГ-ын даргаар томилогдсон хүн. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж дуусах байсан “Цахим эрүүл мэнд” төсөл замхарснаас үүдэлтэй таныг прокуророос шалгаж байгаа юм билээ. Уг асуудалтай холбоотойгоор нийтийн албан тушаалтны томилгоо гэдэг утгаар багагүй шүүмжлэл дагуулсан. Хэн таныг ЭМДЕГ-ын даргад санал болгосон юм бэ? Эсвэл та өөрөө хүсэлт гаргасан байдаг уу?

-ЭМДЕГ-ын өмнөх дарга асуудал үүсгэж хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас тэнд түр орлон гүйцэтгэгчийг томилсон байсан. Оны сүүлээр төсвөө батлах ёстой, санхүү гэрээгээ дүгнэх учиртай гээд маш олон ажлууд хүлээгдэж байсан учраас удирдлага томилох шаардлагатай байсан. ЗГ-ын хуралдаанаар яригдахад нь би өөрийн биеэр ирж, хуралд танилцуулагдаад Эрүүл мэндийн сайдад энэ эрхийг нь өгсөн.

Томилогдохоос өмнө миний албан бичиг анкетыг АТГ-т өгсөн. Тэндээс намайг ЭМДЕГ-ын даргаар томилоход ямар нэгэн асуудалгүй гэсэн гэсэн бичиг ирүүлсэн байсан.

-Хуульдаа ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагийн даргыг томилохдоо эхэлж ЗГХЭГ-аас нэр оруулж салбарын сайдынх нь саналыг мөн сонсдог юм билээ. Та хуульд заасан процессын дагуу явсан уу?

-Тэгсэн. Эхэлж ЗГХЭГ-аар дамжиж ЗГ-ын хуралдаанд танилцуулагдсан.

- ЗГХЭГ-аас ЗГ-ын нэгдсэн хуралдаанд нэрийг тань оруулж танилцуулсан гэж байна. Энэ мэдээж хуульд заасан процессын дагуу байсан байх. Тэгвэл ЗГХЭГ-ын ямар албан тушаалтан нь танд эхэлж санал тавьсан юм бэ?

-ЭМДЕГ бол ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг. Гэхдээ ЭМЯ-ны бодлого чиг үүрэгтэй уялдаж ажилладаг байгууллага гэдэг утгаар мэдээж эхлээд сайдтайгаа тохиролцоно.

-Тэгэхээр ЗГХЭГ-аар дамжихаас өмнө сайдтайгаа тохиролцсон гэсэн үг үү?

-Тийм. Сайдаар дамжиж байж ЗГХЭГ-т танилцуулагдана шүү дээ.

-Эрүүл мэндийн сайд бидэнд өгсөн тайлбартаа ЗГХЭГ-аас анх таны нэрийг танилцуулагдаад, нэгдсэн хуралдаан дээр надаас санал авахад хамтарч ажиллахад асуудалгүй гэсэн гэж хэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл ЗГ дээр таныг танилцуулагдахаас өмнө уулзалдаагүй гэж байсан. Яг хэн нь худал хэлэв?

-Мэдээж агентлагийн даргын асуудал яригдахад Н.Учрал сайд дээр мэдээлэл очих ёстой болно. Тэгэхээр салбарын сайдаар дамжиж нэр орсон л гэсэн үг.

-"Цахим эрүүл мэнд" төсөл ямар үр дүнд хүрснийг хуулийн байгууллага эцэслэн тогтооно-

-Төрийн албаны тухай хуульд ч тэр авлига, албан тушаалын гэм хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тохиолдолд нийтийн албанд томилогдох боломжгүй юм билээ. Тэгэхээр энэ томилгоо хууль зөрчсөн болохгүй юу. Дээр нь Ерөнхий сайд өмнөх ЗГ-ын үеэс л 5ш ажиллагааг хэрэгжүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэгт “холбогдсон” хэнтэй ч хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байсан шүү дээ. Гэтэл одоо ЗГ бодлогынхоо эсрэг томилгоо хийсэн гэж харагдаж байна?

-Яах вэ, хэрэгт татагдсан ч гэсэн тэр хүнийг шүүхээр гэмт буруутай гэж эцэслэн тогтоогоогүй тохиолдолд тэр хүн яг л жирийн иргэн шиг л байгаа гэсэн үг. Би шалгагдаж байгаа нь үнэн. Ноднин ес билүү арван сард ганцхан удаа АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Энэ ганцхан ноднин жил яригдаж байгаа асуудал биш шүү дээ. Өөрөөр хэлбэл намайг сайдын албан тушаалаас буусан цагаас эхлээд л яригдаж байсан зүйл. Гэхдээ 2023 оны гурван сард ЗГ-ын хуралдаан дээр Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийг шалга гэдэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ хүрээнд шалгагдаж явсаар байгаад процесс өрнөсөн гэсэн үг.

Энэ асуудалд нэг л үндэслэл бий. Үеэл дүү маань төсөл хэрэгжүүлэгч компанид ажилладаг гэдэг байдал. Намайг хуулийнхнаас буруутгаж байгаа үндэслэл нь “та эрх мэдлээ ашиглалаа” гэж. Лавлатал төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан нэг компанид нь танай үеэл ажилладаг юм байна л гэсэн. Хуулийг нь хөөгөөд үзэхээр тэнд нэгдмэл ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэж бий. Энд юуг авч үзэх вэ гэхээр төрсөн аав ээж, ах дүү. Эсвэл хамтран амьдарч байгаа эхнэрийн аав, ээж, төрсөн ах, дүүг нэгдмэл ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэж хуульд заасан байдаг. Манай тэр үеэл намайг сайдын ажил авахаас өмнө тэр компанидаа ажиллаж байсан хүн. Тэр үеэл гээд байгаа хүн маань ямар нэгэн шийдвэрт гарын үсэг зурдаггүй, тамга тэмдэг барьдаггүй албан тушаалын хүн. Хоёрдугаарт, манай яамны харьяанд байдаг байгууллагын хүн биш. Гадны компани хэнийгээ ажиллуулах нь тухайн байгууллагын эрхийн асуудал.

Тухайн үед би хуулийн зөвлөхөөсөө асууж байсан.Төсөл дээр энэ компани шалгарсан байна. Ийм хүн ажиллаж байгаа бол яах вэ, болох уу гэж. Тухайн үед надтай ямар ч хамааралгүй гэж хэлж байсан. Тэгээд ч би тэр төслийг шууд удирдаж хариуцдаг хүн нь биш.

-Гэхдээ л АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд прокурор руу хэргийг шилжүүлсэн. Одоо прокурорт Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалтаар шалгаад явж байгаа шүү дээ. Та хувьдаа ямар ч хамааралгүй асуудал байсан гэж тайлбарлаж байна. Хуулийнхан буруу хүнээ шалгаад байна гэсэн үг үү?

-Процесс бол ном журмаараа явж байгаа л гэсэн. 2020 оны наймдугаар сард тендер нь яваад компани нь шалгарчихсан байсан. Би 2021 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдаар томилогдсон хүн шүү дээ. Тэгэхэд аль хэдийн гэрээ нь зурагдчихсан байсан гэсэн үг. Нэг хэсэг хугацаанд төсөл явалгүй зогссон юм билээ. Тендерт хуулийн давхардал байна гэдэг үндэслэлээр.

ИЦББХ-ноос энд хуулийн давхардал байна уу үгүй юу гэдгийг шалгасан. 2021 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрөө ажлын хэсгийг ахлаад ИЦББХ-ноос гэсэн ЗГ-т тогтоол өгсөн. Энэ төслийг цааш эрчимжүүлэх шаардлагатай гэдэг утгатай тогтоол байсан. Миний хувьд тухайн үед сайдаар томилогдоод эд ковидын үе байсан учраас юун төсөлтэй манатай л байсан. Ингээд ЗГ-аас эрүүл мэндийн салбарын бодлогын үйл ажиллагааг цахимжуулах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Тухайн ажлын хэсгийн дэд даргааг миний бие томилогдсон. Эрүүл мэндийн салбарын бодлогын үйл ажиллагааг ямар байдлаар цахимжуулах ёстой талаар танилцуулга хийх үүрэг авсан. Энэ хүрээнд бодлогоо танилцуулаад Дэлхийн банкны төслийг цааш үргэлжлүүлэхээр болсон.

-Та ажлын хэсгийн дэд даргаар нь томилогдсон юм байна шүү дээ. Салбарын сайдын хувьд төсөл хэрэгжүүлэгч компанид нөлөөлөх боломжгүй гэж үзсэн бол хяналт тавьж, хамтарч ажиллах ЗГ-аас байгуулагдсан ажлын хэсэгт нөлөө бүхий хүн нь байж шүү дээ?

-Мэдээж тухайн төсөл ч хамаарна. Гэхдээ ажлын хэсэг дан ганц дэлхийн банкны хэрэгжүүлж буй төсөл биш салбарын хэмжээнд эрүүл мэндийн бодлогын ажлуудыг цахимжуулах үүрэгтэй байсан гэсэн үг. Мэдээж салбарын сайд нь. Бусад салбарын хэрэгжүүлж байгаа ажлуудыг өөрийн салбартай уялдуулж явуулах ажлыг хариуцаж байгаа хүний хувьд хардах нь мэдээж. Гэхдээ цахимжилтийн тендер тусдаа байгууллагаар дамждаг. Яам дээр сонгон шалгаруулалт нь зарлагдсан. Дотроо төслийн нэгжээс авхуулаад хяналт тавьдаг мэргэжлийн тусдаа байгууллагууд бий. Тэдгээрийг ерөнхийд нь хянаж байсан л гэсэн үг. Түүнээс биш үйл ажиллагаанд дотор нь орж явдаггүй байсан. Санхүүжилтэд нь хүртэл гарын үсэг зурдаг хүн нь тусдаа байсан. Эхэлж сангийн яамнаас эрх нь өгөгдөөд манай яамнаас холбогдох шатны удирдлагууд гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан л зүйл.

Төслийн санхүүжилт хуулийн процессын дагуу л явсан байдаг юм билээ. Нийтдээ төсөлд 1.7 сая ам.доллар олгогдсон байдаг. Үүнийг АТГ-аас шалгах явцад нөгөө компани нь 2024 оны 6 сард буцаагаад Дэлхийн банканд мөнгөө барагдуулчихсан юм билээ. Товчхондоо Дэлхийн банкнаас авсан зээлээ буцаагаад төлчихсөн гэсэн үг шүү дээ. Гол нь тендерийн сонгон шалгаруулалтад асуудал байсан эсэхээр хуулийнхан шалгаад байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдсэн төсөл шат шатандаа ямар гүйцэтгэлтэй явсан бэ гэдгийг хуулийн байгууллага шалгаад дүгнэчихсэн байгаа. Зарим ажил нь 60-97 хувьтай гарсан байна лээ. Тиймээс эцсийн бүлэгт энэ төсөл хэрхэн үр дүнтэй явж байж вэ гэдгийг хуулийн байгууллага эцэслэн тогтоох байх. Миний шалгагдаад байгаа асуудал нь дахиж хэлэхэд үеэлдээ давуу байдал олгосон гэдэг л асуудал байгаа.

Ярилцсанд баярлалаа.

С.Мөнхчулуун: ЭМГ-аас ноцтой гэж санал гаргасан тул сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина
С.Мөнхчулуун: ЭМГ-аас ноцтой гэж санал гаргасан тул сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина
 
Б.Баярбаатар: Д.Цогтбаатар гишүүнийг эргүүлэх татах эсэхийг хэлэлцэх эрх УИХ-д байхгүй. Хэрэв хэлэлцлээ гэхэд ҮХ-ийн зөрчил рүү орох магадлалтай
Б.Баярбаатар: Д.Цогтбаатар гишүүнийг эргүүлэх татах эсэхийг хэлэлцэх эрх УИХ-д байхгүй. Хэрэв хэлэлцлээ гэхэд ҮХ-ийн зөрчил рүү орох магадлалтай
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!