Ю.Отгонбилэг: Олон ахмад настан ганцаардалд өртөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 52 секунд

ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэгтэй ярилцлаа

-Ахмад настны тухай хууль энэ оны 01-р сарын 01-ээс хэрэгжиж эхэллээ. Хуульд идэвхтэй насжилт гэдэг “шинэ” ойлголт орж ирсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Энэ хуульд эрүүл идэвхтэй насжилтыг нэгдүгээрт тавьсан. Хоёрдугаарт ахмад настны хэрэгцээ, шаардлагад нийцсэн ямар үйлчилгээг төрөөс үзүүлж болохыг тодорхойлж тусгасан гэдгээрээ онцлогтой. Мөн ахмадуудын хөдөлмөр эрхлэх боломж, орчныг бүрдүүлэхэд анхаарсан. Манай улсад эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг. Гэтэл хүн бүр хөдөлмөр эрхэлж, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байхыг илүүд үздэг шүү дээ. Зарим хүмүүс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарахдаа насны хувьд залуу, туршлагатай, ид ажиллах насандаа тэтгэвэрт гарах тохиолдол цөөнгүй бий. Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний тоо багасаж байгаа ч ахмад настныг эрт тэтгэвэрт гаргаж байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Судалгаанаас үзэхэд манай улсад хүн амын өсөлттэй харьцуулахад ахмад настны тоо 4-5 дахин нэмэгдсэн байгаа юм. Бид ахмад настнуудаа эрүүл мэндээ хамгаалж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, өөрт хэрэгтэй орлогоо олж, амьдралын чанараа хадгалах боломжийг бүрдүүлэхэд энэ хуулийн гол зорилго чиглэж байна.

-Ахмадуудыг хөдөлмөр эрхлүүлэх нэрээр тэтгэвэрт гарах насыг хойшлуулах сонирхол байна гэх шүүмжлэл нийгэмд бий?

-Ахмад настны тухай хуульд эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих тухай заалтууд л бий. Үүнийг олон улсын жишигт нийцүүлж хийсэн гэж хэлж болно. Тэтгэврийн насыг хойшлуулах тухай ямар ч заалт энэ хуульд байхгүй. Харин тэтгэвэрт гарахад бэлтгэх, тэтгэвэрт гарсан ахмадуудыг эрүүл, идэвхтэй амьдралыг сонгох, бусдын дунд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход туслах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд тэтгэвэрт гарч байгаа ахмадын 70 хувь нь эрүүл, идэвхтэй амьдралтай, тодорхой хугацаанд өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн судалгаа гарсан. Манай улсад нийт ахмадын 10 хувь нь л байнгын асаргаанд байгаа бөгөөд ихэнх ахмадууд эрүүл идэвхтэй, тодорхой хөдөлмөр эрхлэх бүрэн дүүрэн чадвартай байдаг. Мөн ахмадууд бусдад эрүүл, идэвхтэй амьдралын зөвлөмж, үйлчилгээ үзүүлэх, амьдралын туршлагаа хуваалцах, нийгэмдээ хэрэгтэй хүн байж хүндлүүлэх хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байгаа юм. Ахмадуудын тоо өсөж, нөгөө талд ажиллах хүчний хомсдолд орж байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Энэ тэнцвэрийг алдахгүйн тулд ихэнх улс шинээр бодолгоо тодорхойлж байна. Манай улс ч энэ жишгээр хуульдаа өөрчлөлт оруулсан.

-Ихэнх ахмадад эрүүл, идэвхтэй амьдралын зөвлөмж, үйлчилгээ хэрэгтэй байна гэлээ. Энэ үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ?

-Бараг сум, хороо бүрд ахмадын өргөө, байр бий. Энэ байшин барилгыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй өдийг хүрчээ. Иймд Ахмад настны тухай хуульд “Ахмадын өргөө ордныг байнгын ажиллагаанд оруулж, ахмад настанд ямар үйлчилгээ үзүүлэх вэ” гэдгийг нарийвчлан заасан. Хуулийг хэрэгжүүлэхээр нийгмийн халамжийн санд идэвхтэй насжилтын үйлчилгээг дэмжих санхүүжилтийг оруулж өгсөн. Ахмадын төвд 2-3 хүн орон тооны ажилтан байх юм. Үйл ажиллагааны менежер, нийгмийн ажилтан гэх мэт. Энэ хүмүүс ахмадын төвийг байнгын үйл ажиллагаатай байлгах юм. Ахмадын өргөөнд дасгал хөдөлгөөн зэрэг эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ тогтмол болохоос гадна сургалт, уулзалт, мэдээлэл түгээх ажил үргэлж хийгдэж байна гэсэн үг. Одоо манай ахмадуудын ихэнх нь гэртээ ач, зээгээ асрах үүргийг хүлээж байна. Тэдэнд очих газар ч ховор. Өндөр хөгжилтэй улс оронд ахмадуудыг чөлөөт цагаа өнгөрөөх байраар нь хангадаг. Харин доторх үйл ажиллагаа нь олон нийтийн оролцоотой тасралтгүй явагдаж байдаг. Жишээ нь олон жил мэргэжлээрээ ажилласан эмч хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч, ахмадын ордондоо байрлаж, бусдадаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байх жишээтэй. Мөн зарим үед ахмадууд мэргэжлийн багш нарыг хөлслөөд сургалтад хамрагддаг. Гэхдээ ахмадуудад зориулсан сургалт хөнгөлөлттэй, үнэгүй байх нь элбэг. Сургалт гэхээр нүсэр байдлаар төсөөлөх хэрэггүй. Залуучууд сайн дураараа ахмадын төвд очоод, гар утасны аппликейшн ашиглаж төлбөр тооцоог хэрхэн хийж байгааг заахад залуу, ахмад үеийн туршлага солилцох уулзалт болох юм. Мөн ахмад багш нар хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд тусалж болно. Энэ жишгээр ахмадын төвийг цааш нь ажиллуулахаар хуульд заасан.

-Хуульд ахмадуудад цогц үнэлгээ хийх тухай заасан байсан. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

-Өмнө нь дурдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Тэтгэвэрт гарсан ахмадуудын 70 хувь нь эрүүл идэвхтэй амьдралтай. Тодорхой хугацаанд өөрт тохирсон ажил хийх боломжтой” гэсэн судалгааг хийсэн байдаг. Дэлхийн олон оронд “Ахмад настны цогц үнэлгээ буюу “ICOPE”-ын аргачлалаар энэ судалгааг хийж байна. Харин манай улс энэ үнэлгээг анх удаагаа хийж эхэлнэ. ГБХНХ-ын сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар бүх хороо, сумын эрүүл мэндийн төв дээр энэ үнэлгээг хийж эхэлнэ. Үнэлгээнд ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлзүй, үйл ажиллагааны чадвар, нийгмийн тулгамдсан асуудлууд зэрэг нь орж байгаа юм. Нэг хүнийг үнэлэхэд 20-30 минут зарцуулахаар байгаа учраас илрүүлэх асуумжаар судалгааг эхлүүлж, шаардлагатай бол лавшруулан оношлох юм. Илрүүлэх асуумжаар сайн гарсан хүнд цааш нарийвчилсан үнэлгээ хийхгүй. Эхний ээлжид сайн дурын үндэс дээр энэ үнэлгээг хийнэ. Хүн бүрийг заавал үнэлгээнд хамрагдахыг шаардахгүй юм. Хууль дөнгөж л хэрэгжиж эхэлж байна. Ер нь цаашид энэ үнэлгээг хийж, үнэлгээ дээрээ үндэслэн ахмадуудад үйлчилгээ хүргэх юм.

-Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр хуульд заасан байсан. Энэ талаар ахмадуудад мэдээлэл өгнө үү?

-Манай улсад байнгын асаргааны тэтгэмж өгөхөөс илүү нэмэлт үйлчилгээ ховор байсан. Харин энэ хуульд ахмад настны үйлчилгээг олон хувилбартай болгосон. Өнөөдөр нийгмийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байна. Зарим ахмад тэтгэврээ өгөөд илүү тохилог асрамжийн төвд амьдрах санал гаргахыг үгүйсгэхгүй. Энэ хүмүүст зориулсан орчныг бүрдүүлэхэд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах хэрэгтэй болж байгаа. Иймд асаргааны хувилбарт үйлчилгээнд идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээ, гэрээр асрах үйлчилгээ, өдрөөр асрах үйлчилгээ, түр болон урт хугацаагаар асрах үйлчилгээ, байнга асрах үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ зэрэг орж байгаа юм. Зарим ахмад зөвхөн өдрөөр асруулах шаардлага гарвал үүнд тохирсон үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дээрх үйлчилгээг багцаар эсхүл үйлчилгээ тус бүрээр иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж гэрээлэн гүйцэтгэнэ гэж хууль, журамд заасан.

Н.Учрал: ТӨК-ийн захирлуудын нэр хүндийг өсгөхгүй бол болохоо байлаа. Бүгд ХУЛГАЙЧ гэж хараад байна
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудын нэр хүндийг өсгөхгүй бол болохоо байлаа. Бүгд ХУЛГАЙЧ гэж хараад байна
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!