Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан үндсэн хуулийн өдөр алтан хараацай шүүгдсэний учир

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 35 секунд

Монгол Улс тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр анхны ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү албан ёсоор шилжсэн. Энэ цаг үеэс жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн байдаг. Энэ л жишгийн дагуу 28 дахь жилийн Үндсэн хуулийн өдрөөр УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулснаар гадна өнгөрсөн оны төгсгөлд хийсэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцэд залах ёслолыг хийв.

Үүнтэй зэрэгцэн ардчиллын алтан хараацайнуудын нэг болох Улсын баатар, Улаанбаатар хотын экс Засаг дарга Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал болов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндэд халдсан хэргээр ийнхүү яллуулахад хүрэв. Хэргийг эргэн сануулбал, 2019 оны зургадугаар сард Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэсэн нийтлэл бичсэн. Энэхүү нийтлэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэгт тооцон хуулийн байгууллагад хандсан юм.

Үүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хүлээн зөвшөөрч, мөн гүтгэлэг хэмээн үзсэн бөгөөд Зөрчлийн хуулийн 6.21-т заасны дагуу Э.Бат-Үүлийг торгох шийдвэр гаргасан юм. Тэрбээр “М.Энхсайханы баривчилгааны “сайн тал” нь Ерөнхийлөгчийн шинэ томилгооны жинхэнэ цаад улс төрийн зорилгыг тодрууллаа! Өнөөдөр М.Энхсайхан дахиад л том сорилттой учирлаа. Ерөнхийлөгч Баттулга “унагаж байж салдаг” хүн. Түүнд маш зуумхай тамгын газрын дарга бий. “Онцгой комисс”-оос өгөх даалгаврыг хуулиас дээгүүрт үздэг, мэргэжлийн ёс зүйгүй, ногоон малгайтан мэт гүжирмэг АТГ, прокурорын шинэ удирдлага бий. Далдаганаж гүйх хэнхэгтэй шариковууд зөндөө бий. Команд авмагцаа комментоор галлах троллууд дүүрэн бий. Тэд бүгд нийлээд М.Энхсайханыг “ардын дайсан” болгож дөнгөнө” хэмээн бичсэн нь түүнийг торгох үндэслэл болжээ. Гэвч Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, торгуулийг хүчингүй болгуулах өргөдөл гаргаж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан билээ.

Тэрбээр шүүх хуралд сууж буй зургаа “Ардчилсан Үндсэн  хууль батлагдсан өдөр Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр шүүгдэгч болоод сууж байна” гэсэн тайлбартайгаар өөрийн твиттер хуудаснаа жиргэв. Гэвч шүүх хурал өчигдөр болсонгүй. Ямар шалтгаанаар хэзээ хүртэл хойшилсон талаар шүүхийн байгууллагаас мэдээлэл өгөөгүй ч хотын экс дарга Э.Бат-Үүл “Шүүх хуралдаан хэд хоногоор хойшилсон нь тодорхойгүй байна. Ямартай ч 14 хоногт багтаад тов нь зарлагдах юм гэсэн. Яагаад хойшилсон шалтгааныг нь би мэдэж чадсангүй. Миний ойлгосноор намайг шүүх шүүгч олдоогүй юм гэсэн” хэмээв.

Улсын баатар Э.Бат-Үүлийн энэхүү жиргээ цахим орчинд тархаж, олон хүн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэв. “Хэлэх үг алга. МоАХ чууд Ардчиллын анхдагч нарт Үндсэн хуулийн өдрөөр нь барьж буй бэлэг үү. Заавал яагаад энэ өдөр гэж” , “Зөв шүү. Хуультай, тэр нь нам, найз нөхөд харгалзалгүй тэгш үйлчилдэг зэргийг нмйгэмд ойлгуулах нь эргээд л нөгөө ардчилал шүү дээ. МАНайх хэзээ ч ийм үлгэрлэл үзүүлж чадахгүй”, “Хүний нэр төрд халдсан бол шударга шүүхийн өмнө хэн ч бөхийх учиртай”, “Учиртай болоод л сууж байгаа байлгүй. Ухаантай хүнийг тэнэг нь шүүхэд өгсөн үү, эсрэгээрээ юү... гэдгийг магадлахад амаргүй. Бүх юм дандаа миний зөв байх албагүй юм байналээш дээ, баатар минь”, “Нэг талаараа энэ нь ардчилсан улсын шинж тэхдээ хууль нь зөвхөн эрх мэдэл мөнгөнд үйлчлээд байвал юуныхан ардчилал байхав дээ” “Ардчилсан намаас гарсан ерөнхийлөгч ш дээ. Одоо яая гэхэв. Хоорондоо сайхан тэмцэлдээд байж дээ. Танайхан ч хөөрхийг арай л ганцаардуулсан шүү”, “АН-аас нэр дэвшсэн ардчилсан Ерөнхийлөгчийн үед ардчилал амь тавих тавилантай байжээ” хэмээн олон нийт жиргэв. Харин улстөрчдийн хувьд ялангуяа АН, МАН-ынхан хотын экс даргын энэхүү жиргээнд ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлсэнгүй.

Ямартай ч, анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийн түүхт ойн өдөр ардчиллын алтан хараацайнуудын нэг Э.Бат-Үүл шүүхийн хаалга татаж, шүүгдэгчийн ширээнд суув.

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.