Өнгөрөгч 11 дүгээр сард зохион байгуулагдсан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит хурлын өмнөх өдөр Ерөнхийлөгчид нэр дэвшсэн танхимын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорих шийдвэр гарсан байдаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нөхөн сонгуульд ялалт байгуулсан Л.Төр-Одыг эл процессыг зохион байгуулсан хэмээн хардаж буй талаараа өөрийн цахим хуудас төдийгүй хэвлэлд өгсөн байр сууриндаа дурдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор болон нөхөн сонгуулийн уур амьсгалтай холбоотойгоор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч манай сайтад өгсөн ярилцлагадаа "Хүн хардах эрхтэй. Гэхдээ хүний нэр төрийг гутааж болохгүй. Миний нэг цочирдсон зүйл гэвэл, Д.Энхтүвшин гишүүн маань өнгөрсөн онд надтай өрсөлдөхдөө ийм асуудал гаргаж байгаагүй. Харин ч инээж, ханиагаад, дараагийн сонгуульд намайг заавал нэр дэвшээрэй, дэмжинэ хэмээн илэрхийлж байсан хүн. Тэр үед би ч ёс жудагтай загнасан гэж боддог. Гэтэл энэ удаагийн сонгуульд Д.Энхтүвшин өөрөө нэр дэвшээгүй хэр нь өнгөрсөн удаад надад хэлж, дэмжиж байсан байр суурь нь 360 градус эргэсэн байсанд гайхсан. Төлөөлөгчдөөс асууж байхад гол өрсөлдөөн Т.Дүүрэн, Ц.Баатарсайхан нарын хооронд болно гэж таамаглаж байсан юм билээ.
Хоёрдугаарт, үүнийг илэн далангүй хэлсэн нь зөв байх. Тэнд 705 төлөөлөгч оролцсон. Санал хураалтын өмнө намайг Д.Энхтүвшин дуудаж уулзсан. Үүний яг өмнөхөн нь танхимаа ил тод болгоно, санхүүг шамшигдуулсан, буруу зорилгоор ашигласан асуудлыг ил тод болгоно зэрэг өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байсан. Харин дараагаар Д.Энхтүвшин надтай уулзахдаа "Хэрэггүй асуудлаар шүгэл үлээгээд их том юмны үүд хаалгыг нээчихлээ. Чи ялагдана. Гэхдээ ирж уулзаарай" гэж хэлсэн. Үүнийг би заналхийлэл гэж харж байгаа.
Үргэлжлээд эхний санал хураалт дууссаны дараагаар Д.Энхтүвшин хүрч ирээд намайг шууд заамдаад авсан. Тэгэхдээ нийгмийн сүлжээгээр бичсэн шиг гүтгэлгийн чанартай зүйлсээ хэлсэн. "Чи найз Т.Дүүрэнгээ шоронд хийчихлээ. Чи найзуудаа дандаа шоронд хийдэг. Т.Аюурсайхан найзыгаа хүртэл нүүрсний хэргээр шоронд хийсэн. Чамайг бүгд мэднэ" гэсэн. Би эрхэм гишүүнд хандаж нэг л зүйлийг хэлсэн. "Хэрвээ тэр авлигачин бол миний найз биш" гэж" хэмээн ярьсан байдаг.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Ичихгүй худлаа ярих юм аа, би хүнийг ирж уулзаарай гэдэг хүн биш" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!