Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НД-ын шинэчилсэн хууль: Ирэх сараас тэтгэвэр нэмнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 1 секунд

2020 оны эхний өдрөөс дагаж мөрдөгдөгдөж буй нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон өөрчлөлтүүдийн талаар Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Г.Саран, бодлого хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар мэдээлэл хийлээ. Уг өөрчлөлтөд:

  • МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Хуулийн үйлчлэлд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр настны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 000 (420 000*10%) төгрөгөөр тооцож төлнө.

  • ХОЁРДУГААР САРААС НИЙТ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ. Үүнд энэ онд 150,6 тэрбум төгрөг зарцуулагдах юм.

  • ЗАРИМ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Зарим иргэний тэтгвэрийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Үүнд:

  1. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 сар болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эх,
  2. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 сар болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эх,
  3. нийтдээ 27-оос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй,
  4. нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй,
  • ТЭТГЭВРИЙГ ДАРААЛСАН 7 ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГААР ТООЦНО

Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан иргэдэд хамаарна.

  • ТӨРҮҮЛСЭН БОЛОН ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДИЙН ТООГООР 1 ЖИЛ 6 САР НЭМЖ ТООЦНО

Төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцно. Хуулийн үйлчлэлд 2020 оны 01 дүгээр сарын өдрөөс болон түүнээс хойш тэтгэвэр тогтоолгосон эхчүүд хамаарна.

  • ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ ТАСРАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

-Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос,

- Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас,

-Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс төлнө

  • САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ ЭХИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ 100 ХУВИАР ТООЦОЖ ОЛГОНО

Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2020.01.01-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ.

  • ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭСНЭЭР ЗАРИМ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭНЭ

ХХДХ нэмэгдэснээр нэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 420 000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжийн нэг өдрийн доод хэмжээ 14 858 төгрөг болов.

Мөн сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг болж, дараа сарын шимтгэлээ төлснөөр сайн дурбын даатгалын гэрээ сунгагдахаар боломжтой зэрэг өөрчлөлт гарсан талаар мэдээллээ.

Л. Дэлгэрмаа, Г.Пүрэвгочоо

Шүдний чигчлүүр залгисан бага насны хүүхэд хагалгаанд оржээ
Шүдний чигчлүүр залгисан бага насны хүүхэд хагалгаанд оржээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.