Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ё.Баатарбилэг Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн засварын ажилтай танилцах үеэрээ цаг үеийн асуудалтай холбогдсон мэдээллийг сэтгүүлч нарт өглөө.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт УДЭТ-ыг нураах тухай албан бичиг ирсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд энэхүү мэдээллийг салбарын сайд үгүйсгэлээ.
Тэрээр “2019 оны аравдугаар сарын 8-нд миний өгсөн байр суурь, манай яамны шийдвэр хэвээр бий. Тайван амгалан байцгаа, УДЭТ-ыг нураахгүй. Барилгуудыг нураах төсөв хөрөнгө ч байхгүй. Засвар хийнэ. Ардын хувьсгалын 100 жилийн ойтой холбоотойгоор Драмын театр, Дуурийн театрын барилга зэрэг соёлын өвийн барилгуудаа зургаан тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр засаж сайжруулна. Сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарч байна. Хүмүүсийг тайван ажлыг нь хийлгэ, ийм худлаа мэдээлэл тараахаа боль” хэмээлээ.
Б.Лхагвацэрэн