Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхай хотноо ажиллах үеэрээ тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Эдгээрийн дунд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр багтсан юм.
Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хил холболтын асуудлаар хоёр улс ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хоёр орны ажлын хэсгийнхэн уулзаж хил холболтын шийдвэрийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөөд байна. Энэ нь зөвхөн төмөр замын хил холболт бус нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудлыг шийдвэрлэнэ.
Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал, Шанхайн хамтын ажиллагааны хуралд явахдаа "Чайна Энержи" компанийн төлөөлөлтэй уулзсан уулзалтаас тодорхой шийдлүүд гарсан.
Манай улс энэ онд 80 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Энэ нүүрсний ихэнхийг Гашуунсухайт-Ганцмодны боомтын авто тээврээр хийж байгаа. Энэхүү боомтын төмөр замыг ашиглалтад оруулсаны дараа Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавчийн төмөр замын хил холболтууд хийгдсэнээр жилдээ Монгол Улс 120 сая тонноос доошгүй хэмжээтэй нүүрсийг экспортолно гэж тооцож байгаа.
Төмөр замын гэрээ хэлэлцээр бэлэн болсон. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр явагдаж байна. Мөн "Эрдэнэс тавантолгой" компанийн Баруун, Зүүн цанхын орд одоогийн хүчин чадлаараа одоо гаргаж байгаагаасаа илүүг гаргах боломжгүй байгаа. Тэгэхээр олон улсын нээлттэй тендер зарлаж, шинээр "Онч хараа", "Бор толгой" зэрэг өмнө нь судлагдсан байсан ордуудаа хүчин чадлаа нэмэгдүүлэх байдлаар ашиглалтад оруулж илүү их нүүрс экспортлох боломж бүрдэх юм. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж байж бид гацаанаасаа гарна.
Тус төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн гэдэг.
Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэх юм.
Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн төмөр замын холболтыг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын гэрээг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!