Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулийн 18.3-д “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” хэмээн заажээ. Гэвч энэхүү хуулийн заалт улс төрийн хүчнүүдэд үйлчилдэггүй бөгөөд харин ч хандивын хэмжээгээр нь сонгуульд тойрог өгөхөөс гадна албан тушаал хуваариладаг бичигдээгүй хууль үйлчлээд удаж байна.
Тодруулбал, 2008 онд Ардчилсан нам нэр дэвшигчдийн босгыг 20 сая төгрөгөөр эхлүүлж байлаа. Тухайн үед 120 орчим хүн нэр дэвшихээ илэрхийлж, намынхаа дансанд мөнгө байршуулсан гэдэг. Тус сонгуулиар Ардчилсан нам УИХ-д 27 суудал авсан. Харин парламентын гадна үлдсэн бусад нь намдаа тус бүр 20 сая төгрөг буюу нийт хоёр тэрбумыг “бэлэглээд” өнгөрч байв. Товчхондоо, нэр дэвшүүлэх эрхийг намууд горилогчдодоо худалдах энэ үйл явцын дүрэм энгийн. Хандив өгсөн болгон сонгуульд нэр дэвшихгүй. Зөвхөн нэр дэвших эрхийн төлөө нам дотроо өрсөлдөнө. Ялагдсан нь гомдолгүй бөгөөд мөнгөө буцааж авахгүй. Гэхдээ намдаа хэр их хандив өгнө, тэр хэрээрээ төрийн өндөр албан тушаал хаших магадлал нь нэмэгддэг.
Тэгвэл энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж, 2012 оны УИХ-ын сонгуулиар хоёр том нам нэр дэвшигчийн босгоо 50 саяар тогтоосон. Тухайн үед сөрөг хүчний орон зайг нөхөж байсан Ардчилсан намынхан нэр дэвшигчдийн босгоо ил тод зарлаж, багагүй шүүмжлэлд өртөж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан “Намдаа 50 сая төгрөг тушаа гэхээр жирийн албан хаагч, мөнгө хуримтлуулаагүй сэхээтэн, чадварлаг залуус хаанаас тэр мөнгийг олох болж байна. Хэтэрхий өндөр босго тогтоох нь оюунлаг, төрд хоёргүй сэтгэлээр зүтгэх, мэдлэг, чадвартай хүмүүсийн улс төрд орох замыг хааж байна. Энэ нь мөнгөний сонгууль руу түлхэж, гишүүдийг барьцаанд оруулах гэмтэй. Цаад утгаараа мөнгөтэй хүн л улс төрд орж болно гэж хязгаарлах гээд байгаа хэрэг биш үү” хэмээн шүүмжилсэн юм. Тухайн үед Ардчилсан нам хандивыг дөрвөн үе шаттайгаар хураасан бөгөөд дөрөвдүгээр шатанд 99 хүн 12.5 сая төгрөг өгснөөр намын удирдлагуудынхаа тавьсан “50 сая төгрөг” хэмээх хүндхэн босгыг давсан түүхтэй. Хэдийгээр Ардчилсан нам олон нийтэд нээлттэйгээр зарласан нь шүүмжлэл дагуулсан ч МАН-ынхан сэмхэн хандиваа цуглуулж, сонгуулийн санхүүжилтээ босгосон юм.
2016 оны ээлжит сонгуулиар хандивын босго хоёр дахин нэмэгдэж, хоёр том нам болон МАН, АН 100 сая төгрөгийг нэр дэвшигчдээсээ “нэхээд” эхэлжээ. Тухайлбал, сөрөг хүчин болох МАН горилогчдоосоо 100 сая төгрөг авч гэрээ байгуулж эхэлсэн. Гэхдээ энэ удаад МАН-ынхан ил тодоор зарлаж, журам гаргаж, тунхагласангүй. Үеийн үед “нууц” байдлаар гэрээ байгуулж, нэр дэвшихээр горилж буй эрхмүүдээс татаас авч байсан юм. Хаалттай байдлаар хэрэгжүүлэхээр зэхсэн ч, зарим гишүүдийн унтууцлыг төрүүлж, олон нийтэд дэлгэхэд хүргэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг/МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүний албыг хашиж байв/ “УИХ-д нэр дэвших сонирхолтой хүмүүс намдаа 100 сая төгрөг өгөөд гэрээ байгуулж байна. Одоо мөнгөө аваад эхэлсэн. Тухайлбал, би л гэхэд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болсон бол 100 сая төгрөгөө сонгуульд зориулж өгч байгаа болохоос намд өгөөгүй. Юунд зарцуулах гэж байгаа нь мэдэгдэхгүй ойлгомжгүй зүйлд мөнгөө өгч болохгүй” хэмээсэн юм.
Харин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Л.Эрхэмбаяр дээрх тоог үгүйсгэж, “2012 оны сонгуулиар манай нам нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөгийн хандив авч байсан. Харин ирэх оны сонгуулиар хандив авахгүй байх зарчим барьж байгаа. Нэр дэвшигчид сонгуульд оролцох үйл ажиллагааны зардлаа өөрсдөө гаргаад, тойрогтоо тэр мөнгөө зарцуулна гэсэн үг. Тэрбумаар яригдах хөрөнгөөр сонгуульд ордог” гэлээ.
Тэгвэл нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийн намдаа тушаах босго мөнгө энэ жил мөн л 100 саяар хэмжигдэж байна. Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй Ардчилсан нам нэр дэвшихээр санаархаж буй гишүүдээсээ 100 сая төгрөгийн хандив авахаар болов. Харин эрх баригч хүчин болох МАН нэр дэвшихээр горилж буй гишүүдээсээ татаас авахгүй гэдгээ олон нийтэд зарлав. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Манай нам сонгуулийн дэнчин нэр дэвшигчдээсээ авахгүй. Мөнгөтэйг нь биш боловсролтой, нэр хүндтэй хүмүүсээ 2020 онд нэр дэвшүүлнэ” гэв.
Гэхдээ энэ тоо зөвхөн тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийн “босго”. Харин намын жагсаалтад багтахыг хүссэн эрхмүүдийн хувьд мөнгөний хэмжээ хэд дахин өсдөг жишиг бий. Товчхондоо, сонгууль бол мөнгөний уралдаан. Түрүүлсэн эрхэм зардлаа хэд дахин нөхөх боломж олддог учир улстөрчид намаас тогтоосон жишгийг чимээгүйхэн биелүүлдэг нь үнэн юм.